Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, нийслэлийн Мэдээлэл технологийн газар, есөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга нар албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэлжүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулжээ. Уг уулзалтаар оролцогчдод албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголт мэдээллийг өгөх, албан бус салбараас албан салбарт шилжих талаар баримталж буй бодлогыг танилцуулах, албан бус хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэх мэдээллийн санг хөгжүүлэх, цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцов. Албан бус сектороос албан секторт шилжих ажлын гол эхлэл нь албан бус хөдөлмөр эрхлэгчдийг нэгдсэн байдлаар бүртгэх мэдээллийн сан үүсгэх системийг бий болгох явдал юм. Албан бус хөдөлмөр эрхэлж буй аж ахуй нэгж, иргэдийн мэдээллийг төрийн цахим мэдээлэл солилцох системтэй уялдуулан цахимжуулах, нэгдсэн мэдээллийн санг бий болгох, системийг хөгжүүлэх замаар албан бус хөдөлмөр эрхлэлтийг албан хэлбэрт шилжүүлэх ажилд нөлөөлөл үзүүлэх зорилготой юм. Статистикийн 2019 оны мэдээллээр албан бус хөдөлмөр эрхэгч 270 мянга байгаагаас 112.7 мянга нь албан бус салбарт, 157.6 мянга нь албан салбарт албан бусаар хөдөлмөр эрхэлдэг аж.