Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл 2021” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Үзэсгэлэн, семинар 30 хоног үргэлжлэх бөгөөд өнөөдөр Жижиг, дунд бизнесүүдэд тулгардаг асуудал, компанийн засаглалын тухай ойлголт сэдвээр BEST хөтөлбөрийн өмгөөлөл, нөлөөллийн зохицуулагч Х.Баасанжаргал, мөн тус хөтөлбөрийн компанийн засаглалын төлөөлөгч П.Амармэнд нар мэдээлэл өгнө. Ташрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар цахим үзэсгэлэнд 32 төрийн байгууллага худалдан авах бараа материалын мэдээллээр, 150 гаруй аж ахуйн нэгж, иргэн ноос, ноолуур, арьс шир, савхин болон үслэг эдлэл, мод модон эдлэл, гоёл чимэглэл, мах, сүүн бүтээгдэхүүн, гоо сайхан, эм био бэлдмэл, зам, барилгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.
Уг үзэсгэлэнг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж, үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээр оролцох юм.