Энэ сарын 10-ны 06.00 цагаас эхлэн нийслэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжлээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, хязгаарлалт тогтоогоогүй байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнуудын автомашиныг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэв. Тухайлбал, энэ сарын 10-нд тэгш, 11-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцов. Харин хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа, үйлчилгээний байгууллагын борлуулалтын хаяг, логотой автомашинуудад хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн инженерийн хангамж, нийтийн аж ахуйн чиглэлийн тусгай тоног төхөөрөмжтэй автомашиныг хязгаарлалтгүйгээр зорчуулна. Хязгаарлагдаагүй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнууд ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолттой байх ёстой. Үүнээс гадна нийтийн тээврийг 06.30-10.00, 12.00-15.00, 17.30-22.00 цаг гэсэн тусгай хуваариар явуулахаар боллоо. Өдгөө 58 чиглэлд 500 гаруй автобус явуулж байгааг нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв. Түүнчлэн хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг 07.00-21.00 цагт ажиллуулахаар болжээ. Нийслэлийн хэмжээнд өдгөө цагдаа, онцгой байдлын байгууллагын хамтарсан 3000 гаруй алба хаагч гурван ээлжээр эргүүл хийж байна.