УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар хэлэлцлээ. Сангийн сайд Б.Жавхлан уг төлөвлөгөөний явцыг танилцуулсан юм. Тэрбээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх зорилготой энэхүү төлөвлөгөөг боловсруулахдаа улсын төсөвт дарамт учруулахгүй, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зарчим баримталсан. Ажлын байр бий болгох, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр олгож буй зээлийг банкуудын өөрийнх нь эх үүсвэрээс бүрдүүлж, Засгийн газраас хүүгийн дэмжлэг үзүүлэх, репо санхүүжилттэй болон ипотекийн зээлийг банкууд, Төвбанкны эх үүсвэрээс олгохоор тооцсон. Тухайлбал, репо санхүүжилт, ипотек болон ажлын байрыг дэмжих зорилготой зээл олгоход тус бүр хоёр, орон сууцын хорооллын дэд бүтцийг шийдэхэд нэг, томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд хоёр их наяд, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад тус бүр 500 тэрбум төгрөг зарцуулна. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд хоёр их наяд хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын санхүүгийн чөлөөт эх үүсвэрт тулгуурлан олгож эхлээд байна. Уг зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, нэг жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр олгох юм. Аж ахуйн нэгжид олгосон зээлийн хүүгийн зургаа, иргэдэд олгосон зээлийн долоон нэгж хувийг Засгийн газар хариуцан төлнө. Цар тахлын үед бусад улс, орны Төвбанкуудын хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг Монголбанкнаас судлан, зээлийг багцлан үнэт цаасжуулж репо нөхцөлөөр санхүүжилт олгох механизмыг 2020 оны дөрөвдүгээр улиралд нэвтрүүлсэн. Уг арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас хоёр жил хүртэлх хугацаагаар, репо нөхцөлөөр банкнуудад санхүүжилт олгож байна. Ингэснээр банкууд 10.5 хувийн хүүтэй зээл олгох, үүнийгээ дахин санхүүжүүлэх арга хэмжээ авч буй. Хөтөлбөрийн хүрээнд зээл олгох нөхцөлийг хөнгөвчилж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлийн жилийн хүүгийн хэмжээг зургаан хувь болгож бууруулсан. Уг зээлийг Монголбанк болон банкуудын холимог эх үүсвэрээс санхүүжүүлж байна. Эдгээр зээлийн хүүгийн дэмжлэгт энд онд шаардагдах зардлыг Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд төсөвлөсөн хөрөнгөөс санхүүжүүлнэ. Харин 2022-2024 онд олгох зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардлыг Монгол Улсын 2022-2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон тухайн оны Төсвийн тухай хуульд тусган санхүүжүүлэхээр төлөвлөсөн”-ийг онцоллоо.
УИХ-ын гишүүд энэ үеэр асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.
Д.Ганбат: -Энэ сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоолоо. 14 хоногийн хугацаанд ямар ажил хийх вэ. Иргэдээ дархлаажуулна гэсэн ч вакцины хангалттай нөөц байхгүй юм биш үү.
Б.Жавхлан: -Хатуу хөл хорио тогтоож байгаа нь сайн үр дүн авчирна. Вакцины эхний тунг хийлгэсний дараа халдвар авахаас нь сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоосон. Мөн эрүүл мэндийн салбар маш их ачаалалтай, халдвар авсан, биеийн байдал нь хүнд, хүндэвтэр хүмүүсийн тоо ихсэж байгаа учраас ийм арга хэмжээ авах шаардлагатай.
Х.Баделхан: -Ноолуурын үнийг бууруулахгүй байхад хэрхэн анхаарах вэ?
З.Мэндсайхан (ХХААХҮ-ийн сайд): -“10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 500 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон. Үүний хүрээнд тариалан эрхлэгч, түүхий эд бэлтгэгч аж ахуйн нэгжүүдэд гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээл олгож байгаа. Тодруулбал, ноолуур бэлтгэхэд 200 тэрбум төгрөгийн зээл олгосноор түүхий эд бэлтгэлийн ажлыг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх боломжтой.
С.Одонтуяа: -Иргэдээ вакцинжуулахад маш буруу бодлого баримталсан. Коронавирусийн вакциныг хийлгэснээр монгол хүний эрүүл мэндэд 20, 30 жилийн дараа ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг судалсангүй. Халдварыг дотооддоо алдахгүй нэлээд хугацаа хожсон юм бол хамгийн сайн үр дүнтэй вакциныг нь худалдаж авахад зориулж эртнээс хөрөнгө төсөвлөж, захиалгаа өгөх байсан. Монголбанк 23 тонн алт худалдаж авсан байна. Хилээ хаагаагүй үед таван тонн алтыг нууцаар гаргадаг байсан гэх. Үүнд хяналт тавьж байсан уу. Төсвийн алдагдлыг хэрхэн нөхөх вэ. Ипотекийн зээлийг хөнгөлөлттэй олгоход гурван их наяд төгрөг зарцуулах юм байна. Энэ нь Төвбанкны (Монголбанкны) тухай хуультай зөрчилдөхгүй юү?
Б.Жавхлан: -Одоо бол олдож байгаа нь л хамгийн сайн вакцин болчихоод байгаа. Дэлхий нийтээрээ вакцин худалдан авах уралдаанд оролцож байна. Вакцин худалдан авахад хугацаа хоцорсон гэдэгтэй би санал нийлэхгүй. Бид хүн ам цөөтэй хэдий ч сайн ажиллахгүй бол уралдаанд хоцрох эрсдэлтэй. Вакцин худалдан авч, иргэдээ дархлаажуулсан байдлаараа манай улс Азидаа эхний тавд багтаж байна. Хүн амынхаа зорилтот 60 хувийг дархлаажуулахад хангалттай хөрөнгө бэлдсэн, холбогдох гэрээ, хэлцлийг хийсэн. Монголбанканд тушаасан алтны хэмжээ өсөж байгаа нь далд эдийн засаг тэр хэмжээгээр ил болж байгаа гэсэн үг. Ипотекийн зээлийг хөнгөлөлттэй олгож байгаа нь 2006 оноос хойших үе үеийн Засгийн газар, Төвбанкны хамтран хийж ирсэн ажил. Энэ бол иргэдийг орон сууцжуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх хамгийн гол хөшүүрэг. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар төсвийн алдагдлын хэмжээг жил бүр бууруулах үүрэгтэй. Үүний хүрээнд л ажиллана. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газрын баримталж байгаа хамгийн том бодлого нь төсвийн шинэчлэл хийх юм. 2020 оны төсвийг удахгүй УИХ-д танилцуулна.
С.Энхболд (Эрүүл мэндийн сайд): -Вакцин бүр харилцан адилгүй үр дүнтэй байгаа. Манай улсад оруулж ирсэн дөрвөн төрлийн вакциныг ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл бүртгэж авсан. “АстраЗенека”, “Пфайзер” вакциныг ДЭМБ бүртгэсэн. “Вероселл” вакциныг ДЭМБ удахгүй бүртгэхээ мэдэгдсэн. Манай улсад вакцин тариулсантай холбоотой хүндрэл гараагүй. Дархлаа хэр тогтож байгаа талаар судлах тусгай баг ажиллаж байна. “АстраЗенека” вакцины сөрөг нөлөөтэй холбоотой янз бүрийн мэдээлэл гарсан. Гэхдээ энэ нь албан ёсных биш.
Ц.Нямдорж (ЗГХЭГ-ын дарга): -“Цар тахлын хууль”-д заасны дагуу Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй. Мөн жилийн төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулалт хийх эрхтэй. Түүнчлэн орлого нь буурсан иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрхийг хуулиар олгосон. Үүний хүрээнд иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн юм. “Эрдэнэт үйлдвэр” төрийн мэдэлд байгаа учир цар тахлын үеийн эхний хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлсэн. “Оюутолгой” компани татварын өрөө төлснөөр цар тахлын үеийн хоёр дахь хүндрэлээс гарахад тусаллаа. Улс орнууд эрх ашгаа хамгаалах үүднээс вакцины талаар янз бүрийн мэдээллийг цацаж байна. Тиймээс сайн, муу вакцин гэж ярих нь зохисгүй.
Х.Ганхуяг: -“10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр оны эцэст ямар үр дүнд хүрэх вэ. Хоёр их наяд төгрөгийн зээл олгосноор хэчнээн ажлын байрыг хадгалах вэ. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авч байна вэ?
Б.Жавхлан: -2019 оны буюу коронавирусийн халдвар гарахаас өмнөх үеийн эдийн засгийн өсөлтийн түвшинд хүргэх зорилт тавьсан. Тодруулбал, төсвөө сахилга баттай зарцуулж, алдагдлаа шат дараатай бууруулъя, зээлжих зэрэглэлээ сайжруулъя, Төвбанкан дахь валютын нөөцөө дор хаяж дөрвөн тэрбум ам.доллароос дээш байлгая, төгрөгийн ханшаа тогтвортой барья гэсэн зорилтдоо 2019 онд хүрсэн. Тэгэхээр эргээд ийм хэмжээнд хүргэнэ. Дээрх төлөвлөгөөний хүрээнд 128 мянган ажлын байрыг хадгалж үлдэх зорилт тавьсан. Ийм хүнд үед ажлын байрыг нэмнэ гэсэн худал амлалт өгч чадахгүй. Нүүрсний тээвэр бараг зогсчихоод байна. Тиймээс хилийн боомтын бүс нутгуудыг ногоон бүс болгохоор зорьж байна. Тэдгээр бүсэд долоон хоногийн өмнө хатуу хөл хорио тогтоож, халдвар гарахаас сэргийлсэн. Шаардлагатай арга хэмжээ авснаар ирэх долоо хоногоос (энэ долоо хоног) нүүрсний экспорт хэвийн горимдоо орно гэж тооцсон.