Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн цэргийн 214 дүгээр ангид энэ сарын 8-нд ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, хоёр цэрэг бүлэглэн, харуулын даргаа хөнөөгөөд 45 сумтай зугтсан юм. Цэргүүдийг дөнгөж сая Алтай сумаас 50 км зайд Бадрал багийн нутагт байхад нь саатуулсан гэнэ. Байлдааны буу, сумтай цэргүүд албаныхны өмнөөс ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй аж. Эх сурвалжийн мэдээлснээр зэвсэгтэй цэргүүдийг аав, ээж нь аргадаж, буулгаж авчээ. ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав хоёр хоногийн өмнө мэдээлэл хийхдээ "Эрүүгийн хуулиар цэргийн гэмт хэргийг хуульчилсан. Оргосон цэргүүд баригдвал шүүхээс үүний дагуу хариуцлага тооцно биз" хэмээж байсан.
Эрүүгийн хуулийн хэсгээс
ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ
ЦЭРГИЙН АЛБАНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
28.5 дугаар зүйл.Цэргийн албанаас оргон зайлах
1.Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ гэмт хэргийг:
2.1.дайны байдалд шилжсэн, эсхүл онц байдал зарласан үед;
2.2.офицер, ахлагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
28.14 дүгээр зүйл.Харуулын албаны журам зөрчих
1.Харуулын албаны журам, түүний дагуу гарсан захирагчийн тушаал, захирамжийг зөрчсөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ гэмт хэргийг дайны байдалд шилжсэн, эсхүл онц байдал зарласан үед үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
28.15 дугаар зүйл.Хилийн алба хаах журам зөрчих
1.Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн алба хаагч хил хамгаалах хууль, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ гэмт хэргийг хилийн цэргийн офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Энэ гэмт хэргийн улмаас Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, улсын хилийн халдашгүй дархан байдалд ноцтой хохирол учруулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.