“Ковид”-тэй амьдрал үргэлжсээр...
Цар тахлын нөхцөл байдал хүндхэн байгаа энэ цаг үед бидний төлөө нойр хоолгүй, халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эрхмүүд бол эмч нар. Дэлхийн ихэнх улс оронд эрүүл мэндийн ажилтнууддаа талархах, хүндэтгэл үзүүлэх хандлага давамгайлж байгаа бол цөөн улс орны иргэд эрүүл мэндийн ажилтнуудаа гадуурхах, гутаан доромжлох зэргээр бие сэтгэлийн хүчирхийлэл үзүүлсэн гэх таагүй мэдээлэл заримдаа харагддаг. Монгол Улсын хувьд ч мөн адил нийгмийн нэг хэсэг нь талархаж байхад, нөгөө хэсэг нь эрүүл мэндийн ажилтнуудыг үг хэлээр гутаан доромжлох, шүүмжлэх, халдвар тээгч вирус мэтээр сэжиглэн харилцах асуудлууд гарч байна. Тодруулбал, коронавирусийн шинжилгээ авах цэг дээр ажиллаж байгаа эмч “Та шинжилгээний цаг аваагүй байна, шинжилгээний цагаа аваад үйлчлүүлээрэй” гэж шаардлага тавьсныхаа төлөө бусдад гутаан доромжлуулж, тэр бүү хэл зодуулсан харамсалтай хэрэг гарсан байх юм.
Эмчийн биед халдаад инээгээд гарч одох тэр эрхэмд үхэх, сэхэхийн зааг дээр ирэхэд хэн тусламж үзүүлэх бол. Эмчийн ажил хийж, халдварын голомтод ажиллаж байгаагаараа тэд нийгэмд ийнхүү чичлүүлж байна. Төр засаг болон эрүүл мэндийн салбарын удирдлага зайлшгүй шаардлагатай ажилтнуудаа доромжлол, хүчирхийлэлд өртүүлэхгүй байхад анхаарч, урьдчилан сэргийлэх, тус үйлдлүүдийг багасгах, арилгах арга хэмжээ авах үүрэгтэй хэдий ч тэднийг бусдад хэл амаар доромжлуулж, зодуулж байхад тоох шинж алга.
Коронавирусийн халдвараас сэргийлж зай барих, халдвар хамгааллын дүрэмийг мөрдөх шаардлага тавьсан иргэдийн бүдүүлэг авир, ааш халдлагаас төр эмч нараа хамгаалж чадахгүй байгаа нь үнэхээр харамсмаар. Тэд бас хүн. Гомдоно, шантарна, ядарна, өвдөнө. Магадгүй тангараг өргөсөн эмч хүн “бидний баярлалаа” гээд хэлсэн үгэнд урам авч, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө итгэлээ сэтгэлээрээ тэмцдэг байх. Хамгийн бага цалингаар хамгийн их ачаалалтай ажилладаг “цагаан нөмрөгт баатрууд”-ад энергитэй үг, чин сэтгэлийн талархал одоо хамгийн их хэрэгтэй байна. Иймд цар тахлын тэргүүн эгнээд хайртай бүхнээсээ хол, бусдын төлөө битүү хувцастай, вирустэй орчинд өдөр шөнөгүй бидний төлөө ажиллаж байгаа тэднийгээ хайрлая, хүндэлье.