Улсын дээд шүүхээс санал болгож, томилуулсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа нь 2019 оны сүүлчээр дууссан. Тэдний оронд өнгөрсөн сард сонгон шалгаруулалт зарласнаар 17 хүн материалаа ирүүлсэн юм. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, санал хураалт явуулахад нэрээ дэвшүүлсэн Ж.Эрдэнэбулган олонхын дэмжлэг авсан билээ. Харин хоёр дахь орон тоонд нь олонхын санал авсан нэр дэвшигч тодроогүй юм. Тиймээс үүнд дахин шалгаруулалт зарлаад байна. Улсын дээд шүүхээс Ж.Эрдэнэбулганыг томилуулах саналыг УИХ-д хүргүүлсэн тул өнгөрсөн сарын 26-ны өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн юм. Гишүүдийн олонх дэмжсэнээр түүнийг Цэцийн гишүүнээр томилж, оронд нь Ш.Цогтоог чөлөөлөх тухай тогтоол баталсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарыг нэг өдөр, нэг тогтоолын дагуу томилж, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан байна. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан, Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон. Ингэхдээ тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна. Ж.Эрдэнэбулганыг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосон талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулахад тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох бүрэн эрх УИХ-д хадгалагдаж байна” гэх утга бүхий хариу ирүүлжээ. Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч биш, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас илэрхийлэх нь хуульд нийцнэ. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонго Цэцийн гишүүнээр улиран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар дэмжээгүй. Энэ нь Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон Ж.Эрдэнэбулганыг Д.Солонгын оронд томилох хууль зүйн тодорхой үндэслэл болно гэж үзэж байна” хэмээн хориг тавьсан үндэслэлдээ дурджээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны мягмар гаргийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авахгүй гэж шийдсэн юм. Байнгын хорооны хуралдааны шийдвэрийг дарга С.Бямбацогт нь УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулав. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлт гаргажээ. Тус бүлгийн дарга Д.Ганбат дүгнэлтийг танилцуулсан бөгөөд “Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг санал болгож томилуулах, санал гаргаж чөлөөлүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч, эрх баригч намынханд тал зассан. Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа явдал нь шүүх засаглал хууль хэрэгжүүлэх биш, нөлөө бүхий улс төрийн хүчин болох МАН-д үйлчилж байна гэж хардах үндэслэл бий боллоо” гэдгийг үүнд дурдсан юм. УИХ-ын гишүүд энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга болон Улсын дээд шүүхийн холбогдох ажилтнуудад асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр ажлын хэсгийг ахалж байсан С.Бямбацогт гишүүн өнөөгийн Төрийн тэргүүн Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй гэж байр сууриа илэрхийлсэн нь хурлын протоколд бий. Энэ байр сууриа хадгалж байгаа юу” гэж асуув. Үүнд С.Бямбацогт гишүүн “Хэлэлцэж буй асуудалтай холбоогүй учир хариулах боломжгүй” хэмээсэн юм. Мөн Ж.Батсуурь гишүүн “Коронавирусийн халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдсээр байхад ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, орлогыг нь дэмжих, эдийн засгаа сэргээхэд чиглэсэн хууль тогтоомжийг УИХ-аар хэлэлцсэнгүй. Тэгсэн мөртлөө онц шаардлагагүй асуудлуудыг яаралтай хэмээн хэлэлцэж буйг ойлгохгүй байна. Өнөөдөр танхимд хуралдаж байгаа нь ямар учиртай юм бэ. Бусад хууль тогтоомжийг хэлэлцэх болохоор цахимаар хуралддаг” гэсэн юм. УИХ-ын гишүүдийн олонх Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзлээ.
Дараа нь Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар үүнийг хэлэлцсэн талаар С.Чинзориг гишүүн танилцуулсан юм. Тэрбээр “Хоршооны гишүүнээр элсүүлэх, бүртгэх болон тэдний эрх, үүрэг, нийлүүлсэн хувь хөрөнгө, өв залгамжлал, түүний бүрэн эрх дуусгавар болохтой холбоотой харилцааг тусгай бүлэг болгон төсөлд тусгасан. Хоршоо нь хуулийн этгээдийнхээ хувьд тодорхой эрхтэй, мөн удирдлага нь гишүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, амьдрах таатай орчныг нь бүрдүүлэх үүрэгтэй байхаар зохицууллаа. Хоршоо хөгжүүлэхэд төрийн захиргааны төв болон нутгийн өөрөө удирдах байгууллага, шат шатны Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг шинээр томьёолсон. Ингэснээр хоршоогоор дамжуулан түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтын кластер сүлжээг хөгжүүлэх боломж бүрдэнэ” гэдгийг онцлов. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Улсын хэмжээнд 4000 орчим хоршоо бий. Энэ хуулийн төсөлд ямар гол өөрчлөлт оруулсан юм бэ” гэж асуулаа. Үүнд С.Чинзориг гишүүн “Гишүүд нь хоршоонд хөрөнгө нийлүүлнэ. Үүнийг нь хоршооны хөрөнгө гэж бүртгэнэ. Ингэснээр хоршоо өөрийн хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой. Мөн гишүүддээ үйлчилдэг хоршооны зуучлалын үйлчилгээнээс НӨАТ авдаггүй байх зохицуулалт тусгасан. Тухайлбал, ноолуурыг хоршооныхон худалдаж аваад үйлдвэрүүдэд нийлүүлэхээр НӨАТ төлдөг. Тиймээс хоршоог хөгжүүлэхэд төрөөс дэмжих шаардлагатай” гэж хариулав. Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн, Барааны тэмдэг, газар зүйн заалтын, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм.