“Е-Mongolia” системд өнөөдрийн байдлаар төрийн 316 үйлчилгээ холбогдсон бөгөөд хөдөө орон нутгийн иргэд 54, хот суурин газарт 181 төрийн үйлчилгээг цахимаар авах бүрэн боломж бүрдсэн. Цаашид 600 орчим үйлчилгээг цахимжуулж уг үйлчилгээг монгол, англи хэлээр авах боломжийг нээхээр ажиллаж байгаа гэнэ.
Төрийн үйлчилгээг цахимжуулснаар төрийн байгууллагуудаас үзүүлэх үйлчилгээ хүнд сурталгүй, цаг хугацаа, орон зай хэмнэсэн, хүний хүчин зүйлээс шалтгаалах хүндрэл, чирэгдэл арилж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа өргөжих, төрийн албаны шинэтгэлийн үйл явцыг хурдасгах, иргэдийн итгэлийг хүлээсэн, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх, шуудан, шатахуун, бичиг хэргийн зардлыг бууруулах ач холбогдолтой.
Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахим болгох асуудал төрийн албаны бүх шатанд ахиц дэвшилтэй байгаа гэнэ. Тухайлбал, цахим, цаасгүй парламент, төрийн албаны шалгалтын цахим систем, Сангийн яамны төрийн албаны цалингийн нэгдсэн систем, “Хүний нөөцийн удирдлагын тогтолцоо” зэрэг олон цахим систем хэрэглээнд нэвтэрч, иргэдийн талархлыг хүлээсэн. Гэхдээ дээрх цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, иргэдэд хүргэхэд төрийн албан хаагчдын оролцоо, цахим хэрэглээний чадвар чухал гэнэ.