Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд шалгасан гомдол мэдээллээ дэлгэлээ. Дээрх өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 49 гомдол, мэдээллийг шалгав.
Өнгөрсөн долоо хоногт 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд зөрчилгүй 10, харьяаллын дагуу шилжүүлсэн 1, зөрчилтэй болох нь тогтоогдсон гурван гомдол, мэдээлэл байв. Одоогоор 35 гомдол шалгагдаж байна.
Үүнээс гадна нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 133 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Өнгөрсөн долоо хоногт 231 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 406 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 273 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байгаа гэнэ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт урьдчилан хүргүүлэн, ажиллаж байна.