Зам-Үүдийн боомтоор урд хөршөөс ачаа, бараа нэвтрүүлэх хөдөлгөөнийг өнгөрсөн сарын эцсээс хязгаарласантай холбоотойгоор импортын зарим бүтээгдэхүүний нийлүүлэлт багасаж, үнэ нь өсжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн XIX хороонд байрлалтай “Таван-Эрдэнэ”, “Хороолол” хүнсний захад өчигдөр бууцай, юуцай, салатны навч байсангүй. Харин өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүүний үнэ нэг кг нь 4-5 хоногийн өмнөхөөс 2500 төгрөгөөр өсөн, 10 000-д хүрчээ. Мөн “Баянгол” хүнсний захад навчит ногоо дууссан, нарийн ногооных нь үнэ нэмэгдсэн байв. “Баянгол” захын борлуулагч Г “Урд хөршөөс ногоо оруулж ирэхгүй, нөөц нь шавхагдаж буй учраас үнэ өсөх нь гарцаагүй. Дотоодод тарьсан өргөст хэмх, улаан лоолийг ресторан, аж ахуйн нэгжүүд газар дээрээс нь бөөнөөр авчихдаг болохоор захуудад олдоц ховор. Хилийн хориог удаа дараа тавьж буй учраас бүх төрлийн нарийн ногооны үнэ кг тутамдаа өнгөрсөн жилийн энэ үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн, цаашид нийлүүлэлт бага хэвээр байвал илүү ч өсөх магадлалтай” гэв.