ХНХЯ-наас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт олгодог дэлгүүр, худалдааны төвүүдэд шилжүүлэхээр төр, хувийн хэвшил хамтран ажиллаж эхэлжээ. Тодруулбал, Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж буй бөгөөд хүнсний талоны картыг пин коджуулж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэд өөрт ойр Төрийн банкны салбарт очиж хүнсний талон авдаг картаа пин коджуулах шаардлагатай гэнэ. Тавдугаар сарын 5 хүртэл хүнсний талоны картыг пин коджуулах ажил үргэлжилнэ. Ингэснээр иргэн улсын хэмжээнд НӨАТ баримт олгодог 235 мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна. Мөн өөрийн хүссэн хүнсний дэлгүүрээ сонгож үйлчлүүлнэ. Иргэний сонголтыг дахин хязгаарлахгүй аж. Өмнө нь иргэд зөвхөн гэрээтэй буюу 800 орчим дэлгүүрээр дээрх үйлчилгээг авдаг байжээ. Шинэчлэлийн хүрээнд ХНХЯ, Гааль татвар санхүү мэдээлэл, технологийн төв, Төрийн банк, ҮСХ, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, "ЖиЭс-Нэг Монгол" ТББ зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.