Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг чанартай, стандартын дагуу бэлтгэх ажлыг мэргэжлийн түвшинд хүргэх, мэргэшсэн баг бүрдүүлэх зорилгоор “Жишиг сум” төсөл хэрэгжүүлэхээ Хөдөө аж ахуйн бирж мэдээлж байсан. Тэгвэл уг төслийн эхлэл болгон Хэнтий аймгийн Баян-Овоог жишиг сумаар нэрлэн, 30 иргэнийг мэргэшсэн таваар бэлтгэгчийн сургалтад хамруулснаа өчигдөр танилцуулав. Тэдгээр иргэн хаврын улирлын гол ажил болох ямаа самнах, ноолуур бэлтгэлийг стандартын дагуу гүйцэтгэн, хог хаягдал багатай, чанартай бүтээгдэхүүн авах юм байна. Цаашид уг биржээс 21 аймгийн 309 сумд малын гаралтай түүхий эд бэлтгэлийг тухайн орон нутгийн онцлогт тохируулж, улирлын чанартайгаар тогтмол гүйцэтгэхэд зөвлөх, гардан ажиллах хүмүүсийг сурган, дадлагажуулах аж. Ингэснээр 16 600 орчим ажлын байр бий болж, малын гаралтай бүх төрлийн түүхий эдийг иргэд олон улсын жишигт нийцэхүйц түвшинд бэлтгэх чадвартай болох гэнэ. Мөн биржээр арилжих түүхий эдийг хүлээн авч, анхан шатны тордолт хийн, чанарыг нь алдагдуулахгүй хадгалах, боловсруулах шалгуур хангасан агуулахуудад магадлан итгэмжлэл олгох зэргээр хамтран ажиллах юм байна.