Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдыг дайрч гэмтээсэн хэрэг гарлаа. Болсон явдлын талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас тодруулахад “Тус дүүргийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, сар шинийн баяр дөхөхөөр эрс нэмэгддэг хулгайн хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ” нэртэй арга хэмжээ зохион байгуулж байгаа.
Энэ арга хэмжээний хүрээнд дотоодын цэргийн хугацаат албаны цэргүүд эргүүл хийж байна. Гэтэл энэ сарын 18-19-нд шилжих шөнө эргүүл хийж явсан манай хэлтсийн жолооч, дэд ахлагч Б болон хугацаат цэргийн алба хаагч О нарыг дайрч хүнд гэмтээлээ.
Албан үүргээ гүйцэтгэж явсан энэ хоёр хүнийг дайрсан жолоочийг ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт шалгаж байна” гэлээ.
Тэд тус дүүргийн IV хорооны нутаг, “Мах импекс” компанийн арын явган хүний замаар явж байхад нь “Аксент” маркийн автомашинтай 40 настай Б.Нацагдорж автозамаас гараад дайрсан аж. Ослын улмаас цагдаагийн дэд ахлагч Б-гийн хоёр хөл хугарч, байлдагч О нэг хөлдөө гэмтэл авчээ.
Тэдний биеийн байдлын талаар лавлахад “Цагдаа Б-гийн хоёр хөл, харин цэргийн алба хаагчийн баруун шилбэ нь хугарсан” гэв. Дэд ахлагч Б орон нутгийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад шилжин ирж жолоочоор ажиллаж буй юм.
Тухайн үед жижүүрийн албанаас буугаад нэгдсэн арга хэмжээний хүрээнд явганаар эргүүлд гарсан юм байна. Харин дотоодын цэргийн алба хаагч, 19 настай О нь 2010 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар дотоодын цэргийн 05 дугаар ангид Баянзүрх дүүргээс татагджээ.
Тэрбээр бага дарга цолтой. Ослын шалтгааны талаар ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн ажилтнаас тодруулахад “Жолооч архи уугаагүй байсан. Тэрбээр бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсан нь осол гарахад хүргэжээ.
Шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр “Аксент” маркийн машины тоормосны систем ажиллахгүй байсан юм билээ” гэв.
Г.Орчлон