Бага газрын чулуу, Цагаан суварга, Ёлын ам, Баянзаг, Хонгорын элс, Онгийн хийд, Хархорин, Улаан цутгалан, Төвхөн хийд, Цэнхэрийн халуун рашаан, Тайхар чулуу, Тэрхийн цагаан нуур, Элсэн тасархай, Хустайн нуруу зэрэг байгалийн үзэсгэлэнт, түүх, соёлын дурсгалт газарт жуулчин хүлээж авдаг 40 өрхийг энэ хавар “Green toilet-330” загварын жорлонтой болгох нь. Швейцарын хөгжлийн агентлаг, “Шийдэл” аялал жуулчлалын бүтээмжийн төвөөс хэрэгжүүлж буй эл төслийн эхний үед Алтай Таван богдын аяллын чиглэлд дээрх загварын хуурай жорлонгуудыг байрлуулсан бол энэ удаа жуулчлалын идэвхтэй бүс дэх өрхүүдийг хамруулахаар төлөвлөж, Хустайн байгалийн цогцолборт газрынхантай хамтран ажиллахаар болжээ. Жорлонгийн өртгийн тодорхой хувийг санаачлагч байгууллагууд хариуцах бол үлдсэнийг нь төсөлд хамрагдах өрх, орон нутгийн засаг захиргаа, тур операторуудын хандиваар бүрдүүлэх аж.