Өнгөрсөн сарын 1-нээс “Юнивишн”, “Скаймедиа”, MNBC зэрэг кабелийн сувгийн гурвалсан үйлчилгээний хураамж дээр 2500-3500 төгрөг нэмж тооцон, хэрэглэгчдийн төлбөр энэ сараас өссөн дүнгээр гарч эхэлжээ. Урьдчилж мэдээлэхгүйгээр суурь хураамжаа яагаад нэмсэн талаар тодруулж өгөхийг иргэд хүссэн юм. Энэ талаар “Юнивишн” компанийн Маркетингийн газрын мэргэжилтэн “Нэмж тооцох өртгөөс дахин дамжуулах үйл ажиллагаа эрхлэгчид ямар ч хувь авахгүй. Өргөн нэвтрүүлгийн 20 орчим сувгийн үйл ажиллагааг дэмжих, үндэсний контент үйлдвэрлэлийг нэмэх зорилгоор Монголын телевизүүдийн холбооны санаачилгаар авч буй төлбөр юм. Бид 10 хоногийн өмнө компанийн цахим хуудас, зарим сонин, сайтаар дамжуулан үйлчлүүлэгчдэдээ мэдээлэл хүргүүлсэн” гэв. Тэгвэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид болон Монголын телевизүүдийн холбоо 2020 оны наймдугаар сард хөтөлбөр дамжуулах гэрээ байгуулж, өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжүүлснээр кабелийн телевизүүдийн үйлчилгээний хураамж нэмэгдсэн гэлээ. Энэ нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5.3-т “Өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд нь энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах” гэж заасанд нийцсэн үйлдэл гэдгийг дурдав.