Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлдэг гомдлын нэлээд хувийг барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүтэй холбоотой асуудал эзлэх болжээ. Зарим ломбард зээлийн хүүг гурав биш, долоон хувиар тооцон олгож байгаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийг зөрчсөн аж. Тухайлбал, хууль зөрчсөн нь хяналт, шалгалтаар тогтоогдсон “Бан бан” компанид сануулж, зөвлөж, шаардсаар байхад үйлдлээ засаагүй учраас дараагийн шатны арга хэмжээ авсан гэнэ. Тиймээс дээрх хуулиуд болон Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага стандартын хэрэгжилтийг хангахыг ломбардуудад зөвлөжээ. Уг зөвлөмжид Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд зээлдэгчтэй байгуулсан гэрээний хүүгийн хэмжээг сарын гурав, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцохоор өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн, мэдэгдэх ажлыг шуурхай зохион байгуулахыг тусгасан байна.