Дорноговь аймагт коронавирусийн халдвар илэрсэн тул БНХАУ-ын талаас манай улстай хиллэдэг Эрээний боомтоо тодорхойгүй хугацаагаар хаасан. Үүний улмаас экспортын бараа ачсан цөөнгүй автомашин Замын-Үүдийн боомтод гацжээ. Газар дээрх нөхцөл байдлыг Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяраас тодрууллаа.
-Хилийн боомтыг нээх талаар урд хөршийнхөнтэй хэлэлцэж байгаа юу?
-Замын-Үүд сумд өнгөрсөн сарын 23-нд коронавирус илэрснээс хойш урд хөрш рүү нэг ч машин гаргаагүй. Одоогоор 650 гаруй машин хил гарахад бэлэн зогсож байна. Үүний 150 гаруй нь ачаатай. Тухайлбал, 40 гаруй нь экспортын мах, 30 орчим нь арьс, шир ачсан. Харин Эрээнээс бараа, бүтээгдэхүүн авчирна гэсэн, ачаагүй 500 гаруй машин бий. Хамгийн гол нь Замын-Үүд эрүүл бүс байх шаардлагыг Хятадын талаас тавьсан. Бээжинд суугаа манай улсын Элчин сайд, Эрээний консул, аймгийн удирдлага БНХАУ-ын холбогдох албаныхантай байнга холбогдож, яриа хэлэлцээ хийж буй. Урд хөршийн зүгээс энэ сарын 7-ноос Эрээний боомтыг нээх төлөвтэйг Эрээнд суугаа Консулын газраас бидэнд мэдээлсэн. Гэхдээ одоогоор албан ёсны шийдвэр гараагүй.
-Замын-Үүд сумд хэдэн хүн халдвар авсан юм бэ?
-Өнгөрсөн сарын 23-наас хойш дөрвөн хүнээс коронавирус илэрсэн. Хамгийн сүүлд энэ сарын 2-нд нэг хүн “Ковид-19”-өөр өвчилсөн нь батлагдлаа. Ойрын хавьтлын 60, дам хавьтлын 321 иргэнийг олж тогтоон, хоёр удаа шинжилгээнд хамруулсан. Гурав дахь удаагийн шинжилгээг энэ сарын 7-нд хийнэ.
-Замын-Үүдийг “ногоон” бүс болгох чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа бол?
-Юуны урьд сумын иргэд, жолооч нарыг бүгдийг нь дархлаажуулах хүртэл Замын-Үүд рүү нэг ч зорчигч нэвтрүүлэхгүй. Сумын төвөөс хойш 20 км-ийн зайд мал эрүүлжүүлэх бүс бий. Ачаа тээврийн жолооч нарыг тэнд тусгаарлаж, Замын-Үүдээс хүн очин, машинтай ачааг нь авч, Эрээн рүү гаргачихаад, буцаад машиныг нь аваачиж өгөх зохицуулалт хийх төлөвлөгөөтэй. Уг саналаа бид УОК-т өгсөн. Өдгөө тусгаарлах байрны зардлыг хэрхэн тогтоох талаар ярилцаж байна. Уг зохицуулалтыг хийчихвэл жолооч нарыг тусгаарлах боломж бүрдэнэ. Тодруулбал, Замын-Үүд рүү нэг ч жолооч, зорчигч нэвтрүүлэхгүйгээр ачаа эргэлтийг хэвийн явуулах шаардлагатай. Тэгэхгүй бол PCR шинжилгээ хийлгэсэн нэртэй ч эрсдэлтэй маш олон хүн ирж, халдварын тархалт ч буурахгүй. Ер нь Замын-Үүд рүү нэг ч зорчигч, тээврийн жолоочийг нэвтрүүлэхгүй гэж ойлгох хэрэгтэй. Ирвэл тусгаарлагдана. Тусгаарлалтын бүсэд 52 өрөө бий. 200 орчим хүнийг тусгаарлах боломжтой.
-Дархлаажуулалт хэзээнээс эхэлсэн бэ. Вакцины нөөц хангалттай бий юү?
-Өнгөрсөн сарын 31-нээс эхэлсэн. Эхний ээлжид төрийн албан хаагч, хил, гааль, хяналтын байгууллагынхан зэрэг 1300 гаруй хүнийг хамруулсан. Жолооч нарт өчигдрөөс (уржигдар) вакцин хийж эхэллээ. Одоогоор 460 жолооч хамрагдсан. Сумын хэмжээнд өдөрт 450-700 хүнд вакцин хийж буй. Аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, зарим сумаас эмч, мэргэжилтнийг манайд ажиллуулахаар хуваарилсан. Ингээд өмнө нь хоёр цэгт вакцин хийж байсан бол өнөөдрөөс (өчигдөр) гурав болгож нэмлээ. Эхний ээлжид 2000 тун вакцин хүлээж авсан. Дараагийн ээлжийн 6000 тун вакцин аймгийн төвд бий.
Бэлтгэсэн: М.Оч