Шүүгчид авлигад идэгдэн, хууль, шүүхийн байгууллагад шударга бус явдал газар авч, үндсээрээ ялзарсан тухай амтай бүхэн ярих болсон. Санаатай, санамсаргүй, заримдаа бүр зохион байгуулалттайгаар тараадаг эдгээр мэдээллийн “ачаар” шүүх засаглал, шүүгчдийн нэр хүнд шороотой хутгалдаад буй. Иргэдэд хамгийн их итгэл төрүүлж, хүлээн зөвшөөрөгдөж байх ёстой, тийм байж гэмээнэ гаргасан шийдвэр нь хүчтэй, зөв, бурууг дэнслэх ажил нь урагштай явах учиртай шүүхийн байгууллагын нэр хүнд ийм байдалд очсон нь угтаа нийгэмд хохиролтой, гэмт этгээдүүдэд хожоотой уур амьсгал үүсгээд буй.
…Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулах асуудлыг парламентаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүд уг ажлын хэсэгт орохоор уралдан дайрч, би, чи, хулгайч, луйварчиндаа тулан хэрэлдэж байв. Ямар нэг эрх ашиггүйгээр ингэнэ гэж үү…
ШҮҮХ ЗАСАГЛАЛ ИТГЭЛ ХҮЛЭЭХГҮЙ БАЙХ НЬ ГЭМТНҮҮДЭД Л АШИГТАЙ
“Шүүх шударга бус, шүүгчид авлигад идэгдсэн учраас…” гэсэн тайлбар хэлэхэд л ямар ч гэмт хэрэгтний үгэнд олон нийт итгэж байна. Улайм цайм хууль зөрчиж, хулгай дээрэм, залилан луйвар хийсэн нөхөд төв талбай дээр суулт зарлаж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцдэг жишиг тогтлоо. Шүүгчид шударга бус шийдвэр гаргадаг гэсэн бодол олон нийтэд бат сууж, шүүхэд итгэх итгэлээ алдсан учраас хонины арьс нөмөрсөн чонын үгэнд үнэмшиж, суллахыг, ялыг нь хэрэгсэхгүй болгохыг шаардахад бэлэн байгааг сүүлийн үеийн хэд хэдэн жишээ харууллаа.
Анхан, давж заалдах, дээд шатны шүүхээс нотлох баримтад тулгуурлан шийдэж, ял оноосон гэмт хэрэгтэн “Шүүх буруу шийдлээ” гэхэд олон нийт эргэлзэх зүйлгүйгээр шүүхийг буруутгаж байгаа нь үнэндээ эмгэнэлтэй дүр зураг юм. Шүүх, шүүгчид үл итгэх энэ хандлага цаад утгаараа гэмтнүүд, зальт этгээдүүдэд л ашигтай тусахаас өөр шидгүй. Гэхдээ энэ байдалд итгэл хүлээх, хүлээн зөвшөөрөгдөх чадвараа алдсан шүүх засаглал өөрөө буруутай болохоос биш, итгэлээ алдсан иргэд буруугүй нь мэдээж.
Нэгэнт үүссэн бодит байдалд дүгнэлт хийж, шүүхийг шинэчлэхээр төр, засаг зорьж буй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн УИХ Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхэлсэн уг хуульд ихээхэн найдлага тавьж байгаа. Тэр тусмаа шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил, ямар нэгэн алдаа гаргасан нэгэнд нь тохирох шийтгэл хүлээлгэдэг байх зарчмыг хэрэгжүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгон шалгаруулах явцыг олон нийт анхааралтай ажиглаж буй.
Хуульд тусгасан зарчмын томоохон өөрчлөлтийг үр дүнтэй хэрэгжүүлэх, алдаа, дутагдал гаргасан, шударга бус хандсан шүүгчидтэй тулж ажиллах, тэдний зөв, бурууг дэнслэх онцгой эрхийг Шүүхийн сахилгын хороо хэмээх шинэ бүтэц байгуулан, хариуцуулах юм. Өөрөөр хэлбэл, шүүгчдийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой гомдол, мэдээллийг уг хороо хүлээн авч, шийдвэрлэнэ гэсэн үг. Монгол Улсад зөвхөн энэ хороо л шүүгчид хариуцлага хүлээлгэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын бусад шийтгэл ногдуулах эрх эдэлнэ. Мөн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчдийг сонгон шалгаруулж, томилох гэх мэт ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцна. Тиймээс дээрх хоёр бүтэц хамгийн ихээр анхаарал татаж буй хэрэг.
Энэ хоёр байгууллагын гишүүдийг хэр шударгаар, гаднын ямар нэг нөлөө, хэн нэгний эрх ашигт авталгүйгээр сонгон шалгаруулна, тэр хэмжээгээр шүүх засаглал алдагдсан нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдөх чадвараа буцааж авахад дөхөм болно. Шүүхийн шинэчлэл бодитойгоор ажил хэрэг болох, эсэх нь ч Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог хэрхэн бүрдүүлэхээс хамаарна.
ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨНӨӨС АНГИД БАЙЖ ЧАДАХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ
Улстөрчдийн оролцсон юм бүхэн буруу замаар ордгийн нэг бодит жишээ нь шүүх засаглалын ялзрал. Тэдний нөлөөнд автсан шүүгчид, улс төрийн захиалгаар шийдэгдсэн хэргүүд шүүхийн нэр хүндийг унагах хамгийн том хүчин зүйл болсон нь нууц биш. Энэ нь явсаар “хонгил”-ын шүүх, “хонгил”-ын шүүгчид гэсэн нэр томьёог бий болгоод буй.
Тэгвэл одоо Шүүхийн тухай хуулийн үзэл баримтлалыг гажуудуулахгүй хэрэгжүүлж, шүүхийн шинэчлэлийг бодитоор хийн, нэгэнт бий болсон алдааг засаж чадах уу гэдэг асуултын өмнө нийтээрээ ирээд байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Тэр үед УИХ-ын гишүүдээс гарсан ааш авир, улайран зүтгэж буй байдлыг харахад улстөрчид эндээс савраа татахгүй нь бололтой.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт 11 гишүүн байна, тэдний дунд ганц л УИХ-ын гишүүн багтах бөгөөд тэр нь ажлын хэсгийг ахална гэсэн нэгдсэн ойлголтод Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулагчид хүрч, үүнийгээ протоколдоо тэмдэглэсэн, УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганы хэлэлцүүлгийн үеэр ч энэ санаа дэмжигдсэн байдаг. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн томилгоог улстөрчдийн нөлөөнөөс аль болох хол байлгах зорилготой нь мэдээж.
Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулах асуудлыг парламентаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүд уг ажлын хэсэгт орохоор уралдан дайрч, би, чи, хулгайч, луйварчиндаа тулан хэрэлдэж байв. Ямар нэг эрх ашиггүйгээр ингэнэ гэж үү. Улстөрчид энэ ажилд хуруу, хошуу дүрэхээр ийнхүү улайран зүтгэж буй нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд нөлөөгөө тусгаж, Шүүхийн тухай хууль, шүүхийн шинэтгэлийн утга учрыг алдагдуулах вий гэсэн болгоомжлолыг эрхгүй төрүүлж байгаа юм.
Шүүхийн тухай хуулийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын хэсэгт УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЭҮК, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, их, дээд сургуулийн санал болгосон 11 төлөөлөл багтах ёстой. Үүний дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нар уг ажлын хэсэгт ажиллахаар болсон.
Хэдийгээр хэрүүл, хараал хийж зүтгээд байсан УИХ-ын гишүүн ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нэрээ татсан ч улстөрчдийн гар, хөл болж, дохио зангаагаар нь хөдлөхгүй гэж итгэхийн аргагүй нэг бус хүн ажлын хэсэгт багтсан нь харагдаж буй биз. Намаас үүрэг хүлээсэн, улстөрчидтэй туйлын ойр, удирдлага дор нь ажилладаг хүмүүс Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгон шалгаруулахаар болсон нь шүүхийн шинэчлэл улс төрийн нөлөөнөөс ангид байж чадах, эсэхэд эргэлзэхэд хүргэх гол шалтгаан. Шүүх засаглалд итгэх олон нийтийн итгэлийг буцааж авах, унасан нэр хүндийг нь өндийлгөх, эсэхийг шийдэх энэ бүтцүүдийг байгуулах ажил улстөрчдийн нөлөөнөөс салаагүй, тааруухан өнгө төрхтэй эхэлж байгаа нь харамсалтай.
Бэлтгэсэн: А.Амина