Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг эхлүүлснийг салбарын яамнаас мэдээллээ. Энэ онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, долоон мянган га-д жимс, жимсгэнэ гээд нийт 530.3 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөж буй. Улмаар 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаан буудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, гурван мянган тонн жимс, жимсгэнэ хураан авч, 360.2 мянган га-д уринш боловсруулахаар зорьж байгаа юм.
Улаан буудайн үрийн хангамжийг бүрдүүлэх зорилгоор импортын зөвшөөрөл авсан гурван аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 мянган тонныг нийлүүлэх гэрээ байгуулжээ. Өнгөрсөн баасан гаргийн байдлаар ОХУ-аас 900 тонн улаан буудайн үрийг дээрх сангийн “Хөтөл” салбарт хүлээн аваад байсан бөгөөд 3380 тонныг манай улс руу тээвэрлэж буй аж. Мөн тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд арвайны үр 500, хошуу будааныхыг 650 тонныг импортолжээ. Улаанбаатараас орон нутагт очиж ажиллах газар тариалангийн салбарын 1000 орчим иргэнийг өнгөрсөн сарын 26, 27-нд вакцинд хамруулсан байна. Тэгвэл орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчийг энэ сарын 3-17-нд вакцинжуулах нь. Ташрамд дурдахад, тариалангийн бүсээс уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг тодорхой үе шаттайгаар гаргах, аймгуудад тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх ажлыг орон нутгийн төр захиргааны байгууллагатай нь хамтран хэрэгжүүлэх гэнэ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал