Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн сарын 31-нд болж, нийслэлд хөл хорио тогтоох, эсэхийг хэлэлцсэн юм. Хэдийгээр коронавирусийн тархалт ихсэж, эрсдэлтэй нөхцөл үүссэн ч иргэдийн амьжиргааг дэмжих, эдийн засгаа сэргээхийн тулд хатуу хөл хорио тогтоохгүй гэж Засгийн газраас шийдвэрлэсэн. Гэхдээ халдварын тархалтыг хумихын тулд энэ сарын 3-17-нд зарим чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаж, нэг хэсгийнх нь ажиллах цагийн хуваарийг богиносгохоор болсон юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг 07.00-20.00 цагт ажиллуулахаар шийдвэрлэв.
Тухайлбал, ресторанууд зөвхөн хоол үйлдвэрлэл явуулна. Үйлчилгээний танхимдаа иргэдийг суулгахгүй гэсэн үг. Харин цайны газар, сүлжээ зоогийн газрууд үйлчлүүлэгчдийг хүлээн авах боломжтой бөгөөд хүн хоорондын зай барих дэглэм мөрдөх шаардлагатай гэнэ. Засгийн газраас томоохон, зах худалдааны төвүүдийг амралтын өдрүүдэд ажиллуулахгүй гэж шийдвэрлэсэн. Тэгвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар зах, худалдааны төвүүдийг амралтын өдрүүдэд ажиллуулах болжээ. Ингэхдээ хүчин чадлын 50 хүртэлх хувьд л худалдаа, үйлчилгээ эрхлэх ёстой гэж үзсэн байна. Ажиллах цагийн хуваарь нь бүгд адил 07.00- 20.00 байх аж. Нийслэлд өмнө нь 23.00-06.00 цагт буюу шөнөөр автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байсан. Шөнийн клуб, баар, цэнгээний газруудыг хаасантай холбоотойгоор уг зохицуулалтыг хүчингүй болгосныг УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн юм.
Түүнчлэн төрийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын 70 хувийг цахимаар ажиллуулах болжээ. Тэр дундаа 0-12 настай хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээс нь ажиллуулах нөхцөл бүрдүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөсөн байна. Үүнээс гадна Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг бүрэн хориглосон. Зайлшгүй шаардлагатай буюу хүнс, шатахуун, өвс, тэжээл тээвэрлэсэн иргэд очих аймгийнхаа Онцгой комиссын зөвшөөрлөөр нийслэлээс гарах боломжтой юм. Мөн PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ойролцоо өнгөрсөн баасан гаргаас PCR шинжилгээний явуулын баг ажиллуулж эхэлжээ.
Энэ сарын 17-ны 06.00 цаг хүртэл хязгаарлах үйл ажиллагаа, салбаруудыг жагсаалаа.
•Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт
•Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
•Аялал зугаалга, хурим найр, хүлээн авалт
•Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
•Бүх төрлийн баар
•Нийтийн бүжиг, бүжгийн клуб
•Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
•Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
•Сургалтын төв (танхимын болон үйлдвэрлэлийн сургалт таваас олон хүнтэй бол)
•Алжаал тайлах төв
•Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
•Саун, бассейн
•Дэн буудал
•Шашны зан үйл, сүм, хийд
•Амралт, сувиллын газар
•Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ