Борлуулагч залуу гар утсаараа кино үзээд, тун чиг завгүй. Үе үе айхтар чанга инээх аж. Дэргэдүүр нь хүн явах тоолонд “Түлш аваарай, шуудай нь 3750 шүү” хэмээн давтах бөгөөд утасныхаа дэлгэцээс харцаа салгаж үл чадна. Түүнийг “чангаан” цөөн зүйл асуулаа.
-Борлуулалт давгүй юү?
-Муу муу.
-Өнөөдөр хэчнээн тонн түлш татаж, хэдийг борлуулав?
-Өдөр өнжөөд таван тонныг авдаг юм. Тэр хуваариар л авсан. Өнөөдөр 10 уутыг ч борлуулж чадаагүй байна.
-Ер нь ийм байдаг уу?
-Цаг агаар дулаарахаар борлуулалт буурдаг ч ингэтлээ мууддаггүй. Уг нь өдийд (13.00 цаг) хагас тонныг “явуулчихсан” байдаг сан.
-Юунаас болов?
-Үнэ л нөлөөлж байна. Долоо хоногийн дараа жигдэрчих байх.
-Яагаад тэгж бодов?
-Хэрэгцээ байгаа цагт ойлгомжтой шүү дээ. Нөөцөлсөн түлш нь дуусахаар иргэд авах нь тодорхой.
…“Цаг агаар дулаарсантай холбоотойгоор гурав, дөрөвдүгээр сараас түлшний эрэлт зах зээлийнхээ жамаар буурдаг. Гэхдээ үнийн хөнгөлөлтийг цуцалснаас үүдэлтэйгээр энэ сарын эхний долоо хоногт борлуулалт 90 орчим хувиар буурлаа. Цэгүүдийн татан авалт удааширч, зарим чиглэлд нийлүүлэлтийг зогсоосон. Энэ сарын 20 гэхэд хэвийн болно гэж харж байна…
Р.Чулуунбат ийнхүү товч тодорхой хариуллаа. Түүнээс хэдхэн алхмын зайд буюу Долоон буудлын эцэст байрлах борлуулалтын цэгийнхэн“Дулааны улирал эхэлмэгц борлуулалтын цэгүүд татан буугдсаар тав, зургадугаар сар гэхэд цөөн газарт үлддэг. Энэ хавийн олон цэг татан буугдаад байна. Тэгсэн ч үлдсэн хэдийнх нь орлого нэмэгдсэнгүй. Сүүлийн гурван өдөр “таг гөлийчихлөө”. Уржигдрын түлш тэр чигтээ байгаа учраас өнөөдөр нэмж авсангүй” гэв.
Хэдхэн хоногийн өмнө эдгээр газарт түм түжигнэж байжээ. Борлуулагчдад гар утсаа “маажиж”, кино үзэх нь байтугай тухлан суух, бие засах чөлөө олддоггүй байсан гэнэ. Түгээлтийн машин ирэх цагаас урьтаад усны тэрэгтэй, машинтай хүмүүс дугаарлан зогсож, түлш дуусавна шүү” гэж өмнөх өдөр нь захидаг байсан аж. Олон шуудайг өгөхгүй гэхээр “Чиний хашаанаас авч байгаа юм уу” гэж хэл ам хийх хүн олширчээ.
Яг ийм дүр зураг, үйл явдал зөвхөн Чингэлтэй дүүргийн XVIII хорооны нутаг, Долоон буудал орчимд бус, нийслэлийн гэр хороололд өнгөрсөн сарын сүүлчээр хаа сайгүй үүсжээ. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан сайжруулсан түлшний үнийг 75 хувиар буулгаж, гэр хорооллынхныг “харж үзсэн” Засгийн газрын шийдвэр хүчингүй болохоос өрсөж, ахиухан “шахмал хар” нөөцлөх гэсэн иргэд ийм байдалд хүргэжээ.
Р.Чулуунбат “Өнгөрсөн сарын 20-доос түлшний эрэлт эрс нэмэгдсэн. Үлдэгдэл гардаггүй, өдрийн хагаст дуусчихдаг байсан. Аль болох хүртээмжтэй байлгах үүднээс нэг хүнд зургаагаас олон шуудайг өгөхгүй гэхээр “Аав, ээжийндээ, хүү, охиныдоо авна” гээд өчнөөн зовлон ярьдаг. Сүүлдээ хүмүүсийн хэл амнаас айгаад хүссэн хэмжээгээр нь өгдөг болсон. “Тавантолгой түлш”-ийнхэн төлөвлөгөө, хуваарийн дагуу түгээлт хийдэг учир эрэлт их гэж биднийг харж үздэггүй. Тогтсон хэмжээгээр нүүрс нийлүүлсээр ирсэн. Иргэдэд үүнийг ойлгуулах гэж их зүдэрлээ” хэмээн ярьсан юм.
Харин одоо нөхцөл байдал эсрэгээрээ эргэжээ. Сайжруулсан түлшийг энэ сарын 1-нээс хуучин үнээр буюу 3750 төгрөгөөр худалдаж эхэлснээс хойш иргэд гэдийж, борлуулагчид бөхийж эхэлжээ. Агуулах дүүрэн түлш манасан, “ажилгүй” хүмүүс энд тэндгүй харагдах аж. Түлш хомсдоход “Үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ хэргээр багасгаж, эрэлт үүсгэлээ” гэж гомдоллож байсан иргэд өдгөө “Хав дарсан түлшээ тонн тонноор нь гаргаад ирж” хэмээн хардах аж.
Сайжруулсан түлш борлуулах хамгийн олон цэгтэй Сонгинохайрхан дүүргийн VII хороонд өнгөрсөн бямба гарагт очлоо. “Монгол керамик” тоосгоны үйлдвэрийн автобусны буудалд зэрэгцээ байрлах түлш худалдах цэгийнхэнтэй уулзав. Гүйлгээ зогссон, орлогогүй болсон гэдэг ижил зүйл ярилаа. Тэдний нэг нь “Өнгөрсөн долоо хоногт шахмал түлш шиг эрэлттэй зүйл байгаагүй. Өглөө ирээд л өдөр гэхэд “шуурчихдаг” байв. Манай энэ хавийн цэгүүд ойрхон байрладаг учраас нэгэндээ хяналттай. Алслагдмал газруудад байдгууд нь саяын бужигнаанаар сэргэлэнтсэн сурагтай. Засгийн газраас тогтоосон үнийг хоёр дахин давуулж, 1800-2000 төгрөгөөр худалдсан гэнэ. Бид нэг хүнд зургаан шуудайгаас илүүг олгохгүй байх журмаа яг баримталсан” гэв.
Нэг өрхөд долоо хоногт зургаан шуудайгаас илүү түлш олгохгүй байх Засгийн газрын шийдвэрт иргэд шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар тэдний байр суурийг сонирхоход “Түлшний үйлдвэрлэл өргөжиж, хүртээмж нь улам сайжиртал энэ журмыг мөрдүүлнэ гэсэн. Түр хугацаанд ийм зохицуулалтаар үйлчлэхээс аргагүй гэдэг тайлбарыг өгч байгаа. Нэг картаар долоо хоногт авах нүүрсний хэмжээнд квот тогтоосон ч тухайн өрх хэдэн карт эзэмшиж, ашиглаж буйг нарийн хянадаггүй” хэмээсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн VII хорооны оршин суугчидтай уулзлаа. Хэчнээн хоногийн түлш нөөцөлснийг Б.Ундармаагаас асуухад “10-аад шуудай бий. Дулаарсан учраас энэ сарын 20 хүртэл тэсчих байх. Өвчин зовлонтой, эдийн засаг хүнд цаг үед Засгийн газар нүдээ олсон шийдвэр гаргаж, гэр хорооллынхноо дулаан өвөлжүүллээ. Зарим нь таван сар хүртэл түлшээ хямдралтай үнээр нь нийлүүлчихгүй, хоёрын хооронд юм боллоо гэж байна. Өвлийн хүйтнийг давсан болохоор учиртай шүү дээ. Даварч болохгүй. Түлш үйлдвэрлэх гэж бөөн зардал, ажил уддаг гэдгийг бодолцох хэрэгтэй” гэсэн бол Н.Пүрэвдорж “Хэдэн шуудай юм бий. Ирэх долоо хоногт хангалттай хүрэлцэнэ. Түлш хомсдоход (өнгөрсөн долоо хоногт) иргэдээс гадна борлуулагчид ч нөлөөлсөн. Үнэд хүргэж зарах гээд өөрсдөө шуудай шуудайгаар нь авч нөөцлөөд байхаар иргэдэд яаж олдох вэ дээ. Түгээлтийн машинаас буулгахтай зэрэгцээд талыг нь ачаад явчихаж байна гэсэн” хэмээв.
Энэ сарын дунд үеэс түлшний худалдаа жигдэрнэ хэмээн борлуулагчид үзэж байна. Харин “Тавантолгой түлш”-ийнхэн юу гэж төсөөлж байгааг мэргэжилтнээс нь лавлахад “Цаг агаар дулаарсантай холбоотойгоор гурав, дөрөвдүгээр сараас түлшний эрэлт зах зээлийнхээ жамаар буурдаг. Гэхдээ үнийн хөнгөлөлтийг цуцалснаас үүдэлтэйгээр энэ сарын эхний долоо хоногт борлуулалт 90 орчим хувиар буурлаа. Цэгүүдийн татан авалт удааширч, зарим чиглэлд нийлүүлэлтийг зогсоосон. Энэ сарын 20 гэхэд хэвийн болно гэж харж байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэхэд шаардлагатай цавуу, барьцалдуулагч бодис, уутны нийлүүлэлт хил гаалийн асуудлаас болоод тасалдаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд эдгээр зүйлийг дотоодоосоо хангах санал дэвшүүлэн, МҮХАҮТ-д хандсан. Түлш үйлдвэрлэлтэй холбоотой өөр бэрхшээл байхгүй” гэв.