Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 12 удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээр болжээ. Үүний 11 удаагийн нислэгээр тус бүр 160, нэг онгоцоор нь 250, нийт 2010 иргэн эх орондоо ирэх аж. БНСУ-ын Сөүл хот руу хамгийн олон буюу долоон удаа нислэг хийхээр төлөвлөсөн байна. Үүний нэг нь гуравдагч улсаас Өмнөд Солонгост ирсэн иргэдийг татан авах нислэг гэнэ. БНСУ дахь 4000 гаруй монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Мөн Токио, Франкфурт руу тус бүр хоёр, Истанбул руу нэг удаа нислэг хийх хуваарь баталжээ. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд өмнө нь ажиглах байранд 10, гэртээ дөрөв, нийт 14 хоног тусгаарлагддаг байсан. Тэгвэл Засгийн газрын өнгөрсөн сарын 31-ний хуралдаанаас уг журмыг өөрчилж, гадаадаас ирэх иргэдийг ажиглах байранд долоо хоног тусгаарлахаар болсон. Ингэхдээ тусгаарлалтын гурав, тав дахь өдөр нь PCR шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг буюу халдваргүй байвал ажиглах байрнаас гаргахаар шийдвэрлэсэн юм. Мөн гэрт нь тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ.
Манай улс өнгөрсөн оны нэгдүгээр сарын 26-наас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилийн боомтуудаа шат дараатай хаасан. Үүнтэй холбоотойгоор гадаадын шууд нислэгүүдийг ч зогсоосон юм. Тэгвэл өнгөрсөн сараас эхлэн гадаадын авиа компаниуд нислэг үйлдэж эхэллээ. Энэ сард Туркийн “Туркиш эйрлайнс”, БНСУ-ын “Кореан эйр”, “Асиана эйрлайнс” компани нислэг хийхээр болжээ. Засгийн газраас агаарын хилийг ирэх тавдугаар сарын 1-нээс шат дараатай нээхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор ийнхүү гадаадын агаарын тээврийн компаниуд нислэг хийж эхэлсэн аж. Түүнчлэн энэ сард Сөүл-Улаанбаатарынхаас бусад чиглэлийн нислэгээр ирэх иргэд шууд авиа компаниудад хандан, тийз худалдан авах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь УОК-ын шийдвэрээр нислэгт багтах хүмүүсийн нэрийг гаргадаг байсан бол өдгөө энгийн горимд шилжиж эхэллээ.
Бэлтгэсэн: М.Оч