Өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Дамдиннямыг сонгож, үргэлжлүүлэн хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцлээ. Тухайлбал, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг цаашид хэлэлцэх, эсэхийг шийдсэн юм. Уг төслийг Засгийн газраас өргөн барьсан. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 6.2 литр байх ёстой. Харин найман литрээс дээш гарсан тохиолдолд тухайн үндэстэнд аюул учирсан гэж үздэг аж. Гэтэл 2019 оны судалгаагаар Монгол Улсад 18-аас дээш насны нэг хүнд 8.5 литр архи, дарс, 28.5 литр шар айраг ногдож байгаа нь аюултай түвшнээс давсан үзүүлэлт болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уг төслийг танилцуулахдаа онцолсон.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 62.3 хувь нь эл төслийг дэмжсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн тавьсан асуултад албаны хүмүүсийн өгсөн хариултыг тоймлон хүргэж байна.
Ж.Мөнхбат (УИХ-ын гишүүн): -Энэ төслийг дэмжинэ. Гэхдээ хэд хэдэн зүйл анхаарах ёстой. Төрт улсыг маань үндэслэсэн эрхэм хүн Чингис хаанаар нэрлэсэн, төрийн сүлд, соёмботой архи үйлдвэрлэж байна. Үүнд зохицуулалт хиймээр байна.
Х.Нямбаатар (Хууль зүй, дотоод хэргийн сайд): -Монголд насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай байгаа гэсэн судалгаа бий. Ингээд тооцвол архидан согтуурах донтой 10 мянга гаруй хүн байна. Архи үйлдвэрлэгч нь тухайн бүтээгдэхүүнийг оюуны өмчид бүртгүүлсэн байдаг юм билээ. Төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэхгүй байхад хуулийн зарим зорилго оршиж байна. Одоогоор 10 мянга гаруй иргэнд албадан эмчилгээ хийх шаардлагатай. Үүнээс гадна мансууруулах бодис болон тоглоомд донтсон хүмүүсийг СЭМҮТ-д эмчилж байна. Донтох өвчний эсрэг Засгийн газрын сан байгуулах хэрэгтэй.
Х.Ганхуяг (УИХ-ын гишүүн): -Хууль батлагдсаны дараах үр дагавраа сайтар тооцох хэрэгтэй. Тухайлбал, тусгай зөвшөөрлийг Засаг дарга олгох бус, ангилалтай, тэр болгонд нь таарсан үнэ тарифтай болговол яасан юм бэ. Жишээ нь, согтууруулах ундааг өдөр бүр зарж, үйлчлэх гэж байгаа болон 18 градусаас дээших хатуулгатай бүтээгдэхүүн борлуулах гэж байгаа бол тусгай зөвшөөрөл нь өндөр үнэтэй байх боломжтой. Хэт хорьж, хааж, хязгаарлах арга хэмжээний үр дүнд авлига л цэцэглэдэг шүү дээ. Хоёрдугаарт, уг төслийн 33.2-т согтууруулах ундааны нэр, лого, тэмдгэнд түүхэн хүний зураг сэлтийг ашиглахыг хориглох талаар тусгажээ. Эзэн Чингис хааны нэр, зургийг архинд ашиглаж болохгүй гээд манайхан ярьж байна. Гэхдээ архи бол хүнсний үйлдвэрлэл. Бид уул уурхайн бус үйлдвэрлэл хөгжүүлэх гээд зорьж байгаа. Яг энэ заалтаар бол бид “Чингис хаан” нэртэй брэнд үйлдвэрлэж чадахааргүй болох нь. Харин Хятад, Орос, өөр нэг улсад энэ нэрийг ашиглаад, үйлдвэрлэл явуулах юм байна. Дэлхийд брэнд болсныгоо хөгжүүлэхийн оронд хориглодог, зогсоодог байж таарахгүй. Ер нь исламын шашинтай л биш бол өөр ямар ч оронд ийм хязгаарлалт байдаггүй. Манай улс Барааны тэмдгийн тухай Парисын конвенцод нэгдсэн. Үүнтэй уг хуулийн төсөл нийцэх үү. Ер нь архидалт бол бидний сүүлийн 30 жилийн бодлогын үр дүн.
Т.Аюурсайхан (УИХ-ын дэд дарга, хуралдаан даргалагч): -Гадаадын аж ахуйн нэгж “Чингис хаан” нэртэй архи үйлдвэрлэвэл Монгол Улсын хууль, тогтоомжоор зохицуулж чадахгүй. Уг хуулийн үзэл баримтлал нь хангагдахгүй байх нөхцөл үүсвэл яах вэ.
П.Сайнзориг (Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга): -Хууль зүйн техникийн асуудлууд бий. Өмнөх хуулиар ямар нэг хязгаарлалт байгаагүй. Өөрөөр хэлбэл, одоогийн хуулиар ямар нэг барааны тэмдгээ холбогдох дүрэм, журмын дагуу баталгаажуулсан бүтээгдэхүүнд үйлчлэхгүй. Нэг хэсэг их хаад, төрийн бэлгэ тэмдэгтэй холбоотой барааны тэмдгүүд тодорхой этгээдүүдэд төвлөрчихсөн юм билээ. Иймд эдгээрийг зохистой хэмжээнд ашиглах, хязгаарлах зохицуулалтыг л уг хуулиар бий болгоё гэж байгаа юм. Түүнчлэн уг хуулийн төсөлд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэг, маркетингтай холбоотой заалтуудыг илүү уян хатан байхаар тусгасан. Жишээ нь, орон нутагт согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх өдрийн тоог өргөжүүлж байгаа болохоор зайлшгүй дөрвөн өдрөөс бусдад нь түүнийг борлуулах, хэрэглэхийг зөвшөөрч байгаа. Таны хэлсэнчлэн Засаг даргад эрх олгосноос болж хэн нэгэнд давуу байдал үүсгэж байгаа нь үнэн. Иймд тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хуулиар тэгш зохицуулахаар зорьж байна.
Т.Аюурсайхан: -Асуултад оновчтой хариул л даа. Нэгэнт бий болсон “Чингис” нэртэй брэндүүдийг цаашид үйлдвэрлэх юм байна. Тэгвэл тэдгээр компани бүр монополь болж, брэндийнхээ үнийг улам өсгөж, хөөргөх юм биш үү. Үндсэндээ тэднийг хуулиар дархлах нь. Тусгай зөвшөөрөл нэмж олгохгүй мөртлөө гадаадад үйлдвэрлэвэл “Чингис” нэртэй бүтээгдэхүүнийг хаана ч борлуулж болох юм байна. Ийм хууль байж болдог юм уу. Энэ мэт зүйлээ сайн тооцсон юм уу. Хууль зүй, дотоод хэргийн яам нь ийм хуулийн төсөл боловсруулаад байхаар бусдаас нь бид юу шаардаж чадах юм бэ.
Г.Амартүвшин (УИХ-ын гишүүн): -Согтууруулах ундааг зохистой хэрэглэдэг болгох талаар хуульчлах нь зөв. Гэхдээ жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өмнөөс зарим зүйлийг тодруулъя. Төслийн 26.3-т зааснаар баар, ресторан, үйлчилгээний газарт согтууруулах ундааг лонхтой нь зарахгүй гэжээ. Үүнээс болж бас нугалаа гарах вий. Өөрөөр хэлбэл, цагдаа, мэргэжлийн хяналтынхан эдгээр үйлчилгээний газрын эзэн, ажилтныг дарамтлаад байх юм биш үү. Тэд орлого олж, татвар төлж, ажлын байр бий болгодог. Хоёрдугаарт, зарим өдөр согтууруулах ундаа зарахыг хориглохоор тусгасан. Гэтэл уухыг хүссэн хүн ямар нэгэн аргаар олоод л уучихдаг. Үүнээс болж хууль бус худалдаа өргөжиж, цаашлаад татварын орлого ч тодорхой хэмжээгээр буурах юм биш үү. Согтууруулах ундаа үйлдвэрлэгч, түүгээр үйлчлэгч байгууллагууд төсөвт 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлдэг юм билээ.
Х.Нямбаатар: -Гадаад орнуудад согтууруулах ундааг 50, 100 граммаар худалдаж, үйлчилдэг соёл байдаг. Гэтэл манайд шилтэй нь өрж тавьж байгаад уудаг. Бид соёлтой хэрэглээгээр дамжуулж, архидалтыг багасгах зорилго тавьж байна. Хориглосон өдрийн тухайд, татварын талаар таны хэлж байгаа зөв байх. Харин архины хэрэглээтэй өрхөд нэг өдөр ч гэсэн амар тайван байх боломж бэлэглэх ёстой. Бид энэ хуулиар хэн нэг үйлдвэрлэгчийн эрх ашгийг боохыг хүсээгүй. Зөвхөн соёлтой хэрэглээ бий болгохыг зорьж байгаа.
Ц.Сэргэлэн (УИХ-ын гишүүн): -Нийгмийн эмгэнэлт үзэгдэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт бий болгож байгаа учраас энэ хуулийн төслийг дэмжиж байна. Архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх зардлыг бүрдүүлэхийн тулд тусгай сан байгуулах нь зөв. Мөн албадан эмчилж байгаа тохиолдолд хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Ажлынх нь хөлснөөс эмчилгээний зардлыг суутгадаг зохицуулалтыг хуульд оруулмаар юм. Түүнчлэн төрийн тусгай албан хаагчдыг архинаас хол байлгах эрх зүйн зохицуулалтыг тусгайлан авч үзвэл яасан юм бэ.
Х.Нямбаатар: -Тусгай сангийн зориулалт нь эмнэлэг барихаас эхэлнэ гэж бодож байна. Эмчилгээ нь үргэлжилсэн, цогц хөтөлбөртэй байх юм. Тухайн хүмүүсийг эмчилнэ, эрүүлжүүлнэ, нийгэмшүүлнэ, сургалтад хамруулж, ажлын байртай болгоно. Өөрөөр хэлбэл, архинд донтох өвчтэй хүмүүст төр хүмүүнлэг хандах цаг болсон. Сүүлийн үед төрийн тусгай албан хаагчдын сахилга хариуцлагын асуудал их хөндөгдөж байна. Ажлаа хийж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүст ногдуулах хариуцлагыг чангатгах нь зөв. Энэ чиглэлээр хуулийн төсөл санаачилбал хамтран ажиллахад бэлэн байна.