Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан болон гишүүд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн болон ХЭҮК-ын тухай хуульд зааснаар уг илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн барих ёстой. “Ковид-19” цар тахал ба хүний эрх” гэсэн сэдвийн хүрээнд иргэдийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, зорилтот бүлгийн, тэр дундаа иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө, эдийн засаг, нийгэм, соёлын эрх зэрэг сэдвийн хүрээнд энэ удаагийн илтгэлээ боловсруулжээ. Мөн төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх болон туслах малчдын хүний эрхийн нөхцөл байдалд хийсэн судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын дүн зэрэгт тулгуурлан тодорхой асуудлыг хөндсөн талаар Ж.Хунан танилцуулав. УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлийг холбогдох байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн, хөл хорионы үед хүний эрхийн зөрчлийг багасгах, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр тодорхой шийдвэр гаргахаа илэрхийлэв. Мөн ХЭҮК-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа хэллээ. Тэрбээр “Хүний эрхийн ноцтой зөрчлүүд удаа дараа гарсаар байна. Үндсэн хуульд иргэний үндсэн эрхүүдийг тодорхой заасан. Эдгээрийг сайтар судалж, иргэдийн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө шинэлэг сэтгэлгээ, арга барилаар ажиллах хэрэгтэй. Томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл ХЭҮК-ын гишүүд хүний эрхийн зөрчлийг арилгах чиглэлээр нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц дорвитой ажил хийсэнгүй” хэмээв.
Бэлтгэсэн: Б.Анх