Европын холбооны санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 2021-2024 онд хэрэгжүүлэх “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих” төслийн Удирдах хорооны анхдугаар хурал боллоо. Хурлаар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ. Удирдах хороог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар хамтран даргалав. Хурлыг нээлтийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг баримталж байгаа бөгөөд энэхүү бодлоготой уялдсан төсөл хэрэгжиж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн мэргэжлийн боловсролын сургалтад түшиглэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь маш чухал бөгөөд энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй болохыг тэмдэглэв. Төслийн хүрээнд эмзэг бүлгийн иргэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг зорьж байгаа нь тэгш бус байдлыг устгах тухай Тогтвортой хөгжлийн зорилт 10-тай уялдаж байгааг онцоллоо.