Хил дээр дахиад л хүний амь үрэгдэв. Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0166 дугаар анги буюу Овоотын отрядын хоёр гэрээт хилчин заставын орлогч, дэслэгч У.Нохойсүрэнг бүлэглэн зодож амь насыг нь хохироожээ. Энэ талаар ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаныхан “2011 оны нэгдүгээр сарын 15- нд Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0166 дугаар ангийн … дугаар заставын орлогч, дэслэгч У.Нохойсүрэн, гэрээт хилчин, харуулын дарга Н.Нэмэхбаяр, Б.Мөнх-Эрдэнэ нар зодолдсоны улмаас дэслэгч залуу амь насаа алдсан байна.
Хэргийг тус аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд нарийвчлан шалгаж эхэлсэн” гэсэн мэдээлэл өгсөн юм. Орон нутгийн эх сурвалжаас энэ талаар лавлахад “Талийгаач 2009 онд Хилийн цэргийн дээд сургууль төгсөөд тус ангид хуваарилагдан очсон. Тэрбээр Ховд аймгийн Цэцэг сумын харьяат юм билээ. Ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. ХХЕГ болон аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн хэрэг гарсан застав руу явлаа. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжг үй. Зэргэлдээ ангийнхан нь ч энэ асуудлыг шалгах ажилд оролцож байгаа” гэлээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь энэ ангид чу хам юу болсон талаар тус аймгийн Цагдаагийн хэлтсийн албаны хүнээс тодруулахад “Гэрээт хилчин Н.Нэмэхбаяр, Б.Мөнх-Эрдэнэ нар архи уусан үедээ заставын орлогчоо зодож хөнөөсөн. Манайхаас Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Утасны сүлжээгүй газар болохоор холбоо барьж болдоггүй. Хэргийн талаарх дуудлага энэ сарын 15-ны 17.00 цагийн үед манайд ирсэн” гэв.
Өөр нэгэн эх сурвалж “Хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа хоёр гэрээт цэрэг нь Баянхонгор аймгийн харьяат, Н.Нэмэхбаяр 1987, Б.МөнхЭрдэнэ нь 1989 онд төрсөн. Өнгөрсөн жилээс сайн дураараа гэрээт цэргийн алба хааж буй юм байна. Тэд цалингаараа архи авч уусан бололтой. Энэ бүгдийг мөрдөн байцаалтын явцад тогтооно” гэлээ.
Г.РАВЖАА