Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт хоёр хүн автомашинд дайруулан амиа алдсан хэрэг өнгөрсөн оны сүүлчээр гарчээ. Арванхоёрдугаар сарын 30-ны 03.10 цагийн үед цагдаагийн ажилтнууд хэргийн газарт очиход эмэгтэй нь газар дээрээ нас барж, эрэгтэйнх нь хоёр хөл нь хугарсан, дайрсан автомашины талаар ямар нэгэн мэдээлэл өгөх чадваргүй, согтуу байжээ.
Хохирогч эрэгтэй эмнэлэгт хүргүүлснийхээ дараа “Намайг С гэдэг, биднийг дайрсан машин араас ирсэн, надтай хамт явсан эмэгтэйг Б гэдэг” гэхээс өөр тайлбар хэлж чадахгүй байсаар нас барсан аж. Ховд аймгийн Цагдаагийн газрынхан Ажлын хэсэг байгуулан ажиллаж, хэрэг гарснаас хоёр хоногийн дараа Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахлах ахлагч Б.Дагвадорж, Я.Түмэндэмбэрэл нар уг хэргийг үйлдсэн жолоочийг илрүүлсэн байна.
Уг хэргийг үйлдсэн М нь тухайн үед эхнэрийнхээ албан байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ийн осол гаргажээ.