Төрийн албаны зөвлөлөөс бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг оролцуулж шуурхай зөвлөгөөн зохион байгуулав. Улмаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Төрийн нарийн бичгийн дарга нарт төрийн байгууллагууд “Алсын хараа 2050” хөтөлбөрийн зорилтуудад хүрэхэд ямар зам туулах, ямар үүрэгтэй оролцох, ямар үр дүнд хүрэх, ирэх жилүүдэд ямар өөрчлөлт гаргах, шинэчлэлийн үр нөлөөг яаж тооцох зэрэг асуудлуудаар зөвлөмж өгчээ. Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд мерит зарчим, шатлан дэвших тогтолцоог бэхжүүлэх, мэдлэг, өндөр ур чадвар, хандлагаараа ялгарах иргэдийг ажиллуулах, сонгон шалгаруулахдаа цогц чадамжаар нь үнэлэх шаардлагатай. Гэвч бодит амьдрал дээр дарга нар танил талаа ажилд авч, илүү цалин хөлс олгодог гэх шүүмжлэл их гардаг. Тиймээс төрийн албаны бүтэц, чиг үүрэгт шинжилгээ хийх, төрийн өмчит үйлдвэрийн газрын үр ашгийг дээшлүүлэх, ажлын үнэлгээг бодитой үнэлэн, гүйцэтгэлд үндэслэсэн цалин хөлсний тогтолцоонд шилжих, нэгдсэн мэдээллийн сан, системтэй болгоход Төрийн нарийн бичгийн дарга нарын оролцоо чухал гэдгийг сургалтаар онцолжээ.