ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн Цахим мэдээлэл, мониторингийн хэсгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед иргэд цахим хаяг, нууц үгээ бусдад алдах болсон. Тэд хаана хандах вэ?
-Иргэн та цахим хаяг, цахим хуудсаа бусдад алдсан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бичгээр өргөдөл гомдлоо гаргаж шалгуулахыг зөвлөж байна. Тус хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт заасан “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг” гэмт хэргүүдэд, өөрөөр хэлбэл, “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах”, “цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах”, “хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах” гэх мэт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Мөн “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, “хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах” зэрэг хэргүүдийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мөрдөн шалгадаг. Хэрэв таны алдсан цахим хаягаар иргэдээс мөнгө авч залилах гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдолд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтэст хандан өргөдөл гомдлоо гаргаж шалгуулахыг зөвлөж байна.
- Цахимд бусдын зургийг нийтэлж янз бүрээр бичиж, гутаан доромжилж, мөн худал мэдээлэл тараах нь ихсээд байх шиг. Энэ тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Юуны өмнө хүний зургийг сошиалд тавьж худал мэдээлэл тараах нь цахим гэмт хэрэг биш. Хүний нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Сошиал орчинд хүний нэр төрийг гутаан доромжилж байгааг иргэд “цахим гэмт хэрэг” гэж ойлгодог учраас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаад байдаг. Тиймээс хэрэв иргэн таныг хэн нэгэн этгээд сошиал орчинд таны талаар худал мэдээлэл тараасан тохиолдолд оршин сууж буй харьяа нутаг дэвсгэр дэх цагдаагийн хэлтэст хандаж өргөдөл гомдлоо бичгээр гаргаарай. Сошиал орчин бол тухайн хэргийг үйлдэхэд ашиглаж байгаа хэрэгсэл болохоос цахим гэмт хэрэгтэй хамааралгүй юм. Хүний нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450 мянгаас нэг сая 300 мянган төгрөгөөр торгох, эсхүл 10-30 хоног хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульд заасан байдаг.
-Иргэдээс түгээмэл ирж буй асуудтад хариулт авмаар байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хаяж, үрэгдүүлсэн, солиулах, хүчинтэй хугацаа сунгуулах бол хаана хандаж, яаж шийдүүлэх вэ?
-Энэ үйлчилгээг портал болон оператор төвөөр гэсэн хоёр хэлбэрээр асуудлаа шийдүүлэх боломжтой. Портал буюу цахимаар захиалах иргэд өөрийн бүртгэлтэй email хаяг, гар утасны дугаартай байх шаардлагатай бөгөөд “е-Mongolia” апплэкейшныг татан авч, “Үйлчилгээнүүд” цэсний “Жолооны үнэмлэх нөхөх, солих” нүд рүү нэвтэрч, хүсэлтээ илгээнэ. Жолооны үнэмлэхийн төлбөр болон зөрчлийн торгуулийг smartcar.mn, Гэрэгэ системс, QPay, цахим банк зэрэг төлбөр тооцооны бүх хэлбэрийг ашиглан төлөх боломжтой. Операторын буюу нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 6 салбар /БЗД-т “Дүнжингарав” худалдааны төв, СХД-т “Драгон” төв, Баянхошуу “Бизнес инкубатор” төв, СБД-т 6-н буудлын “Оргил” худалдааны төв, БГД-т III хорооллын эцэс “Соло молл” /И-март/ төв, ХУД-т “Мишээл экспо” төв/-т биеэр хандаж буй иргэд өөрийн нотлох бичиг баримтыг авч очин жолооны үнэмлэхээ захиалах боломжтой. Жолоочийн үнэмлэхийн мэдээлэл /овог, нэр, регистр, цусны бүлэг гэх мэт/ зөрүүтэй, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд зарлагдсан, зам тээврийн осол хэрэг, зөрчлийн улмаас эрх нь хязгаарлагдсан шалтгаантай иргэд захиалга өгөх боломжгүйг анхаарна уу. Тухайн системээр захиалснаас хойш үнэмлэхийг ажлын 3-5 хоногт багтаан гаргадаг. Гарсан үнэмлэхийг “Монгол шуудан” ХХК-аар дамжуулан Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний цэгийн ажилтанд хүлээлгэн өгснөөр иргэн ажлын 5-10 хоногт жолоочийн үнэмлэхээ хүлээн авах боломжтой.
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, зөрчлийн оноо дууссан бол яаж сэргээлгэх вэ?
-Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас хурууны хээ уншуулж эсвэл “e-Mongolia” аппликейшныг компьютер /PC/ болон гар утсаар эрх хасуулсан, оноо дууссан талаарх лавлагааг хэвлэн авч, эрх сэргээх иргэд /зөрчлийн оноо сэргээх иргэд хамаарахгүй/ “Google” хайлтаар “Эрүүл мэндийн хуудас” маягтыг татан авч хэвлэн, харьяалагдах дүүргийн Эрүүл мэндийн төвөөр орж үзлэгт хамрагдана. Цагдаагийн байгууллагын цахим хуудас /https://police.gov.mn/as/unemleh/-ны “Жолоочийн үнэмлэх” цэс, “Бүртгэл хяналтын төв” цахим хуудсанд байршуулсан 6 дүүрэгт байрлах 14 төрийн бус байгууллагын сургалтад 4-6 цагийн сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдсан иргэний талаарх төрийн бус байгууллагын материал ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд ирснээс хойш ажлын 3-5 хоногт эрх сэргэнэ.
-Торгуулийн мэдээллээ хэрхэн шалгах вэ?
-Иргэд торгуулийн мэдээллээ Цагдаагийн ерөнхий газрын https://service.police.gov.mn/, www.smartcar.mn, www.E-Mongolia.mn зэрэг сайтуудаас торгуулийн мэдээллийг шалгах боломжтой.
-Зам тээврийн ослын үед иргэн ямар арга хэмжээг авах шаардлагатай вэ?
-Юуны өмнө цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд ослын дуудлага өгч, хэмжилт хийлгэн буруутай этгээдийг тогтоолгох шаардлагатай. “Монгол даатгал” ХК-ийн 1800-1990 дугаарын утсанд дуудлага өгч үзлэг хийлгэдэг. Хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулна. Үүний дараа осолд холбогдогч талууд дараах бичиг баримтыг бүрдүүлэн даатгалын компанид хүлээлгэн өгнө.
-Зам тээврийн осол гаргаад цагдаад хураалгасан бичиг баримтаа хэрхэн авах вэ?
-Монгол даатгал ХК-д нөхөн төлбөрийн холбогдох материалыг бүрэн хүлээлгэж өгсөн тохиолдолд ажилтан нь нөхөн төлбөрийн материал хүлээн авсан хуудсыг харилцагчид өгнө. Энэ нь хохирлыг шууд барагдуулсан баримт бичиг биш бөгөөд бүрдүүлсэн материалыг хууль болон гэрээнд заасан хугацаанд нягтлан шалгаснаар нөхөн төлбөрийг олгох боломжтой. Осолд холбогдогч талууд бичиг баримтын тал дээр ойлголцолд хүрч чадаагүй тохиолдолд нөхөн төлбөрийг олгосны дараагаар санхүүгийн баримтыг авах боломжтой.
-Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг хаана гаргах вэ?
-Цагдаагийн алба хаагчийн хууль зөрчсөн, гэмт хэрэг, зөрчил, сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой аливаа гомдол мэдээллийг 126 тусгай дугаар болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн Ёс журмын тасгийн 70191212 дугаарын утсаар холбогдож өгч болно. Мөн Тээврийн цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг 9302-1124 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авдаг.
-Ахлагчийн сургуульд элсэх хүсэлтэй залуус олширсон. Элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл хаанаас авч болох вэ ?
- Цагдаагийн ерөнхий газар нь Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран ахлагч бүрэлдэхүүний нөхөн хангалтыг жилд 2-4 удаа зохион байгуулдаг. Ойрын хугацаанд бүртгэл явагдахаар төлөвлөж байгаа ба дараагийн бүртгэл эхлэх хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны www.police.gov.mn цахим сайтаар иргэд олон нийтэд мэдээлэх болно.