НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран www.agaarneg.mn цахим хуудас нээжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагын мэргэжилтнүүд, энэ чиглэлийн судлаач, эрдэмтдийг холбох, мэдээлэл хуваалцах, туршлага солилцох боломжоор хангахын тулд үүнийг санаачилсан байна. Түүнчлэн утааг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл,хөтөлбөрийн талаарх нэгдсэн мэдээллийг иргэдэд хүргэх зорилготой аж. Одоогоор олон улсын болон Монголын 10 гаруй байгууллага түүнд нэгдэн, үйл ажиллагаагаа танилцуулаад байна. Тухайлбал, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын банкны холбоо, Тогтвортой санхүүгийн холбоо хамтран “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцад ипотекийн зээл олгох туршилтын төсөл”-ийг эхлүүлээд буй бол “Даацтай хөгжлийн ирээдүй” төрийн бус байгууллага, Архангай аймгийн ЗДТГ, Барилгачдын холбоотой нэгдэн “Боловсролын байгууллагын барилгын дулааны тав тух, эрчим хүчний хэмнэлт”-ийг судалж байгаа гэнэ. НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран 2018 онд эхлүүлсэн “Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах нь” төслөө ирэх жил дуусгахаар төлөвлөж буй аж. Мэргэжлийн, салбарын хүмүүсээс гадна иргэд төслийн үйл явц, үр дүнтэй танилцаж, тус сайтын хэрэглэгчдийн булан хэсэгт санал бодлоо илэрхийлэх боломжтой юм.