Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх эрх авсан нэгэн компанийн менежер “Манайх гурав дахь жилдээ мах бэлтгэж байгаа бөгөөд энэ удаа хонь, ямааныхыг 2000 орчим тонн нөөцөлсөн. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас өмнө малын үнэ хямдавтар, ялангуяа Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймагт илүүтэй бага байсан ч мах бэлтгэлийн оргил үе болох арванхоёрдугаар сард ханш нь өссөн. Холын аймгуудаас мах бэлтгэхэд тээвэр, хадгалалтын зардал их гардаг. Иймээс бид Сүхбаатар, Хэнтийгээс өндөр үнэтэй мах бэлтгэсэн. Мөн энэ жил нөөцийн махны үнийг 2020 оныхоос өсгөхгүй гэж байгаа тул бидний ашиг буурч, зардлаа нөхөөд л таарна гэсэн үг. Цахилгааны үнийг тэглэсэн нь зоорийн зардлыг бууруулах боломж олгож буй ч ерөнхийдөө мах бэлтгэлийн ажил ашиг муутай байх нь. Энэ талаар бид салбарын яамны холбогдох хүмүүст удаа дараа хэлж, махны кг тутмын үнийг 100 төгрөгөөр ч атугай нэмэх санал тавьсан ч амжилт олоогүй” хэмээн ярив. Нөөцийн мах бэлтгэх зөвшөөрөл авсан компаниудын ажил дуусаж, энэ хавар 11 000 тонн орчим мах худалдаанд гаргахад бэлэн болсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш хэлэв. Тэрбээр “Нөөцийн махыг энэ сард багтаан худалдаанд гаргахаар төлөвлөсөн. Зургаан дүүрэгт 400 орчим цэгээр борлуулах ажлыг НЗДТГ-аас зохион байгуулна. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил буюу үхрийн махыг нэг кг-ыг нь 7700, хониныхыг 6700, ямааныхыг 6200 төгрөгөөр зарах бөгөөд и-баримт олгоно” гэлээ. Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд 20 000 тонн мах нөөцлөх шаардлагатай гэсэн тоо бий. Дээр дурдсан хэмжээ багадах, нэмж мах бэлтгэх, эсэх талаар Л.Чой-Иш “20 000 тонн гэдэг бол улсын хэмжээнд бэлтгэвэл зохино гэсэн олон жилийн өмнөх тоо юм. Одоо бол жилийн дөрвөн улиралд тасралтгүй “нойтон” мах нийлүүлж байгаа. Ялангуяа аймгууд экспортоос бусад зорилгоор мах нөөцлөх шаардлагагүй болсон гэж болно. 11 000 тонн махыг худалдаанд гаргаснаас хойш 100-120 хоногт зарах боломжтой, эрэлтийг бүрэн хангана гэсэн үг” хэмээн тодотгов. Аж ахуйн нэгжүүд арилжааны банкнаас жилийн 15-21 хувийн хүүтэй зээл авч, мах бэлтгэдэг бөгөөд төрөөс хүүгийн татаас болгон 11 хувийг нь хөнгөлдөг юм.
Манай улс жил бүр 20 сая мал “муулан” эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж тооцдог. Үүнээс 13 сая толгой малын буюу 350 мянга орчим тонн махыг нөөцлөх болон дотоодын зах зээлд, үлдсэн 170 гаруй мянган тонныг нь олон улсад борлуулах гарц бий гэдэг. Манайх 2016-2020 онд жил бүр багадаа 50 000 тонн мах экспортлохоор төлөвлөсөн. Тэгвэл 2018 онд хамгийн их буюу 70 000 тонныг нийлүүлж 400 тэрбум төгрөг олж байжээ. Харин сүүлийн хоёр жилд нийт 90 000 орчим тонныг БНХАУ, ОХУ, Иран зэрэг улс руу гаргасан байна. Бид дулааны аргаар боловсруулсан болон бусад махны гадаад худалдааг өсгөн, малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх сонирхолтой. Үүний тулд албан ёсны эрх авч, гадаадад борлуулах сувгаа олж, тухайн улсын хүнс үйлдвэрлэл, худалдааны стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрүүдээр дамжуулан гаргадаг. Ингэж магадлан итгэмжлүүлсэн компани хэчнээн хэмжээний, ямар малын мах борлуулах төлөвлөгөөгөө ХХААҮЯ-нд танилцуулна. Эл тооцоог үндэслэн яам квот тогтоон, эрх олгодог юм. Хэрэв квот тогтоохгүй бол мал сүргийн бүтэц алдагдан, урт хугацаанд ашиг олох, эдийн засгийн өгөөж хүртэх боломж буурна гэж үздэг. Одоогоор манайд гадаадын 10 орчим улсад үхэр, хонь, адууны мах экспортлох эрхтэй 30 гаруй үйлдвэр бий аж. Коронавирусийн тархалтын улмаас сүүлийн нэг жилд улс хооронд зорчих хөдөлгөөн буурч, экспортын бүтээгдэхүүний хэмжээ багассан. Тиймээс махны экспортын хэмжээг цаашид хэрхэн өсгөх, нэмж үйлдвэрүүдийг магадлан итгэмжлэх талаарх яриа хэлэлцээ удааширсныг холбогдох албаныхан нь хэлж байв. Ташрамд дурдахад, 2019 онд дэлхийн зах зээлд мах, махан бүтээгдэхүүний борлуулалтаас 859.8 тэрбум ам.доллар төвлөрүүлжээ. Өнгөрсөн жил дээрх тоо 3.4 хувиар буурсан нь цар тахлаас үүдэн улс орнуудын эдийн засаг агшиж, хөл хорьсонтой холбоотой аж. Харин 2021-2023 онд махны худалдааны орлого жилд 1.1 их наяд ам.долларт хүрнэ гэсэн таамаг бий юм байна. Сүүлийн хоёр жилд мах бэлтгэл, үйлдвэрлэлийн 51 хувийг Азийн орнууд нийлүүлсэн тухай businesswire.com цахим хуудсанд бичжээ. Энэ зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх боломж Монголд бий.