Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас нийслэлийн ерөнхий боловсролын V сургуулийн зарим хэсгийг засаж, тохижуулжээ. Учир нь тус дунд сургуулийн заал танхимыг хавар, намрын улиралд цэргийн татлагын байрны зориулалтаар ашигладаг аж. Тиймээс спорт заалууд, коридор болон зарим анги, танхимыг засварлаж, цэрэг-эх орны сэдэвт зургуудаар тохижуулсан байна. Тус сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн “Үнэхээр их баярлалаа. Манай сурагчид цэрэг дайчдад элэгтэй хүүхдүүд. Олонх нь хугацаат цэргийн албаа хаана гэдгээ илэрхийлдэг. Энэ нь Цэргийн штабаас хүүхэд багачуудад хандсан цэрэг-эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх ажлыг байнга хийдэгтэй холбоотой” хэмээн талархлаа илэрхийлжээ. Мөн Батлан хамгаалах яам, “Отгон тэнгэр” их сургуулиас зохион байгуулсан “Эрхмийн дээд Монгол эр хүн” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд Ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч Б.Ариунтуяа оролцож, гуравдугаар байр эзэлсэн бөгөөд өргөмжлөл шагналыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга П.Баянбаатар гардуулан өгч, амжилт хүсжээ.