Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран “Ноолуурын салбарыг хөгжүүлэх зорилт, арга хэмжээ” төсөл боловсруулснаа өнөөдөр танилцууллаа. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлийнхэн хамтран ноолуурын салбарт ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа саналуудаа нэгтгэжээ. Төсөл танилцуулахад УИХ-ын гишүүд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, “Монголын ноос ноолуурын холбоо”, “Говь”, “Баялаг-Өлзий” зэрэг хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм. Тэд “Ханбогд кашмер” компанийн үйлдвэртэй танилцаж, тус салбарыг хөгжүүлэхэд тулгарч байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцлоо. "Монголын Ноос Ноолуурын Холбоо"-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ноолуурын салбарын өнөөгийн нөхцөл байдал, энэ салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, цаашид дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарах асуудлаар үйлдвэрлэл эрхлэгч нарыг төлөөлөн танилцуулга хийж, санал хүсэлтээ уламжилсан юм. Түүнчлэн хууль эрх зүйн таатай орчныг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх, хүний нөөц зэрэг тулгамдаж буй асуудлаар санал солилцож, ноолуурын салбарт ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцан УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд ойрын үед уулзалтыг дахин зохион байгуулж нэн тэргүүнд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр болжээ.