Улаанбаатар хот Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын гол төв гэдэгтэй хэн маргахгүй биз ээ. Гэвч сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хүн ам олноороо төвлөрч, нягтрал үүссэн. Хүн амын хэт төвлөрөл, нийгмийн болон нийтийн үйлчилгээний хэт ачааллаас үүдэн хөрс, ус, агаарын бохирдол, хог хаягдал зэрэг нь бидний амьдралд сөргөөр нөлөөлж, улмаар хүний хөгжлийг хангах боломжийг хязгаарлагч хүчин зүйл болж буй. Тиймээс хуучин хотын шинэ харилцаануудыг илүү нарийн, оновчтой, зохион байгуулах шаардлагатай байгааг иргэд хэлж байна. Тэгвэл албаныхан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Улмаар нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, иргэдээс санал авч эхэлжээ. Иргэд хуулийн төслийг уншихгүй, саналаа хэлэхгүй байснаар зарим тохиолдолд "устай шүүрхий" хууль баталдаг. Нөгөө талдаа эрх баригчид иргэний эрхийг боомилсон хууль батлах тохиолдол ч байдаг. Тиймээс нийслэлийн иргэдийг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй танилцаж, саналаа хэлэхийг уриалж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталсан бөгөөд түүнээс хойш 27 жилийн хугацаанд нийслэлийн нийгэм, эдийн засгийн харилцааг уг хуулиар зохицуулж ирсэн. Гэвч уг хууль нийгмийн маш олон харилцааг зохицуулах боломжгүй, учир дутагдалтайг иргэд шүүмжилсээр байгаа билээ.
Хуулийн төсөлтэй ЭНД дарж хавсралт хэсгээс үзнэ үү?