Нийслэлийн захиргааг нүүлгэн байршуулах гурван хэсэг барилгаас бүрдсэн цогцолборыг ашиглалтад оруулахад бэлэн болсон байтал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нүүлгэхгүй, нүүхгүй” гэв. Яагаад гэдгээ үндэслэлтэй тайлбарласангүй. 2018 онд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын төвлөрлийг сааруулах зорилгоор “Шинэ хотын төв” хэмээн гоёор нэрлэж байгаад уг цогцолборыг байгуулах зураг, төсвийг яаралтай боловсруулж, ажлыг эхлүүлсэн бөгөөд өдгөө ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Баталсан төлөвлөгөө ёсоор нийт 58 262 ам метр талбай бүхий, А хэсэг нь 10, Б нь 13, харин иргэдэд нэг цэгээр үйлчлэх зориулалттай В хэсэг нь гурван давхар уг байгууламжид нийслэлийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ажилладаг 300 гаруй албан хаагч болон нийслэлийн харьяа 30 гаруй байгууллага, агентлагийнхан нүүж очих учиртай.
Нийслэлийн төр захиргааны эдгээр байгууллага 332 нэр, төрлийн үйлчилгээг өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг аж. Судалгаагаар хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим автомашин зорчдог нь ч тодорхой болсон. Унаа тэргээрээ Улаанбаатарын төв цэгт хүрч, төрөл бүрээр үйлчлүүлэх гэсэн иргэдийн бөөгнөрөл нийслэлийн замын ачааллыг ихэсгэж, түгжрэлд нэмэр болдог нь нотлогдсон. Нийтийн эдэлбэр газар болон автомашины зогсоол хүрэлцдэггүй. Тиймээс хүмүүс хөлөглөж явсан унаагаа хаа таарсан газартаа орхиод “Хангарьд” ордон руу ордог. Ард нь бөөн асуудал. Энэ мэт нүдэнд ил, маргашгүй баримтад тулгуурлан хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг өмнө нь Засаг дарга захирамжаар гаргасан байдаг. Үүнээс ч өмнө захиргааг Баянхошуу руу нүүлгэх талаар ярьсан нь бий. Юутай ч хоёр ч Засаг даргын үед мэргэжилтнүүд “Хангарьд” ордныг орхиж, зайдуу газарт очиж, иргэдэд сэлүүхэн үйлчлэхийг илүүд үзсэн. Энэ нь их хотын иргэдийн ухаалаг, бага зэрэг өргөж хэлбэл эх оронч шийдэл байв. Хэрэв хотын захиргааг нүүлгэвэл нийслэлийн замын түгжрэл 20-30 хувь буурна гэсэн тооцоог тэд хүлээн зөвшөөрч, зорьсондоо сэтгэл шулуудсан юм.
Гэтэл одоогийн Засаг дарга юуны учир нүүхгүй, нүүлгэхгүй гэв. Тэрбээр “Надад одоо сууж байгаа өрөө минь хангалттай” ч гэсэн байх юм. Нийслэлийн захиргааг буурь сэлгүүлэх, эсэх нь даргын тав тух, хүсэл, үзэмж, өөрөөр хэлбэл, хувийн эрх ашгаас хамаарахгүй байлтай. Ингэж хэлснийхээ араас “Тэнд Монголын залуус ур ухаанаа уралдуулдаг Инновацын төв байгуулаасай. Мэдлэг чадвараараа дэлхийд өрсөлдөх старт ап, мэдээллийн технологийн компаниуд тэнд бойжоосой. Цахиурын гэдэг шиг Яармагийн хөндий болоосой гэж бодож байна. Энэ саналаа цаашид дамжуулах болно” гэсэн. Үүнээс хотын мээр монголчууд технологийн үсрэнгүй хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж, магадгүй түрүүлэн сэтгэж, ихийг бүтээгээсэй хэмээн бодож явдгийг нь харж болохоор. Үнэхээр тийм бол, мэдээллийн технологийн компаниудыг өрөө, байраар хангах чиглэл нийслэлд байгаа бол тэднийг “Хангарьд”-д төвхнүүл л дээ. Программчид, мэдээллийн технологийн инженерүүд нийслэлийнхэн шиг өдөрт бараг 6000 хүнд үйлчлэх биш. Хүнтэй ярих нь бүү хэл, байгаа, үгүй нь мэдэгдэхгүй нам гүм сууж тархиа ажиллуулдаг хүмүүс. Тэгээд ч нийслэлийн шат шатны дарга, мэргэжилтнүүд шиг тэд бүгдээрээ хувийн машин унадаггүй. Өдөржин, магадгүй шөнө ч бодож, сэтгэж суудаг болохоор агаарт алхаж, дугуй унаж эрүүл амьдрахыг урьтал болгодог хэв маягтай улс. Чухамхүү хотын төвд, бусдад төвөг удалгүй сууж, ажиллан хотын мээрийн хэлдгээр дэлхийд өрсөлдөх, тэргүүлэх бүтээлүүдээ гаргаг.
…Ажилдаа очих гэж замд түгжирч суух нь төвөгтэй санагдав уу, Аль эсвэл Төрийн ордноос холдчихоор юм юмнаас хоцорчих гээд хохиролтой байх нь гэж санаа юу. Хувийн эрх ашгийн үүднээс нийслэлийн захиргааг нүүлгэхгүй гэж хэллээ гэхээс өөр гаргалгаа алга. Хотын даргын суудал цаг зуурынх. Харин нийслэлийн оршин суугчдын асуудал мөнхийнх. Тийм болохоор иргэдийг, хотыг, ирээдүйг гэсэн сэтгэл, алсын хараагаар дахин нэг бодож үзэхийг хүсье…
Ер нь бол хотын захиргааг харьяа нэгжүүдтэй нь нүүлгэх гэдэг нь байр байшин сэлгэх, тухлах, тансаглах тухай асуудал биш. Харин аливаа үйлчилгээг иргэдэд хүндрэлгүй үзүүлэх явцдаа хотын амьдралд садаа болохгүй байх зарчим, менежмент юм. Энэ үүднээс авч үзэхэд нийслэлийн захиргааг үтэр түргэн шинэ байр луу нүүлгэх нь зөв. Нүүх, эсэхийг эрхбиш зөвхөн нийслэлийн Засаг дарга ганцаар шийдэхгүй байх. Нийслэлийн ИТХ бүрэн эрх, чадамжаа харуулах биз. Шаардлага гарвал УИХ “бууж ирэх” ч болов уу.
Олон нийтийн санаа бодлыг тандахад хотын захиргааг Яармаг руу нүүлгэх нь олон талын ач холбогдолтой гэсэн нь олонх аж. Зарим нэг нь замын түгжрэл бүр ихэснэ гэв. Нисэхээс хотын төв орох гэж 1-2 цаг түгжирдэг учир “хотынхон” тэнд суурьшвал 3-4 цаг зогсдог болох биз гэнэ. Эхнээс нь бодоод үзье. Нисэх, Яармагийн зам яагаад түгжирч байна вэ гэж асууя. Бүгд л “Хотын төв хэсэг түгжрэлтэй учраас тэнд нөлөөлдөг” гэх нь лав. Төв хэсэгт замын салаа, мөчир бүр чөлөөтэй байвал юу гэж тэнд түгжрэх вэ. Машинууд “урсаад” явчихна. Тэгэхээр замын түгжрэлийн их уурхайнуудын нэгийг ядаж идэвхгүй болгож, нийслэлийн иргэдийн цаг завыг хэмнэх үүрэг, хариуцлага нийслэлийн Засаг даргад ногдож байна. Түүний цааш цаашдаа хийх алхмуудаас Улаанбаатар хотын 1.3 сая орчим иргэний амьдралд эерэг өөрчлөлт гарах, эсэх хамаарах нь ээ. Уг нь Д.Сумъяабазар дарга хотын иргэддээ тав тухтай, сэтгэл ханамжтай, аюулгүй амьдралыг хүсээд байгаа юм. Түүний саяхан сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр ярьснаас нь тод харагдсан. Тэрбээр “Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын түгжрэл дээд түвшиндээ буюу 85 хувьд хүрсэн. Түгжрэл амьдралд маш их сөргөөр нөлөөлж байна. Түгжрэлийн шалтгаан бол автомашины тоо, зогсоолын хүрэлцээ, жолоочийн ур чадвар, хот төлөвлөлт юм. Улаанбаатарыг олон улсын түвшинд хүрсэн, стандартад нийцсэн, аюулгүй хот болгох ёстой. Энэ зарчмыг баримтлан өргөн хүрээнд далайцтай бодлого баримталж ажиллана. Нийтийн тээврийн хөгжил муу байгаа нь үнэн. Санал асуулгад оролцсон иргэдийн 84 хувь нь муу дүн тавьсан. Бид шинэчлэл хийхээр бэлдэж, тооцож байна. Түгжрэлийг бууруулахаар ярьж байгаа ажлууд бий. Гэхдээ би “попрох” дургүй. Судалгаа, шинжлэх ухаан, тооцоолол дээр суурилж хөдлөх дуртай. Мэдээж авах ёстой арга хэмжээнүүд байгаа. Богино хугацаанд хийж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Иргэдийнхээ сэтгэл зүрх, ажил, амьдралыг дэмжсэн шийдвэрийг л гаргана. Хотын даргын үндсэн ажил бол 1.3 сая иргэнийхээ талд байх. Нийслэлийн захиргааны өдөр тутмын ачаалал бол аль ч яамтай харьцуулшгүй их. 6-7 яамны ажлыг нийслэлийн захиргааны бүтэц, зохион байгуулалтын 34 агентлаг, 103 харьяа байгууллагын 35 мянган төрийн албан хаагч хийж байгаа. Аль ч нам ялсан, хэн ч гарч ирсэн өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн зөв зүйтэй бодлогыг залгамжлуулан үргэлжлүүлж явах ёстой (энд, хэлснийг нь утга алдагдуулахгүйг хичээн, залруулж оруулав)” гэж ярьсан. Эмх цэгц сайнгүй ярианаас нь үзэхэд нийслэлийн замын түгжрэлийг бууруулах шаардлага тулгамдсаар буйг харж болно. Үүнийг шийдэх ёстой.
Нийслэлийн оршин суугчид ажил, амьдралаа зохицуулахад нь тусалж 35 мянган албан хаагч үйлчилдэг байх нь. Бараг бүгд машинтай. Тэднээр үйлчлүүлэх гэсэн хүмүүс бас унаатай. Тэгэхээр албан хаагчдын заримыг ч болов Яармаг дахь шинэ байр луу нь нүүлгэхэд хотын төвийн ачаалал хэр буурах нь илт.
Д.Сумъяабазар дарга “Аль ч нам ялсан, хэн ч гарч ирсэн өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн зөв зүйтэй бодлогыг залгамжлуулан үргэлжлүүлж явах ёстой” гэх атлаа өөрөөс нь урьд нийслэлийг удирдаж байсан хоёр ч Засаг даргын, нийслэлийн захиргааг нүүлгэх ёстой гэсэн шийдвэрийг өнөөдөр яагаад эсэргүүцэж байна вэ. Тэрбээр өмнө хэлсэнчлэн үүнд үндэслэлтэй тайлбар өгөөгүй бөгөөд өөрөө ч яагаад нүүхгүй, нүүлгэхгүй гэж буйгаа төдийлөн мэдэхгүй байгаа мэт. Ажилдаа очих гэж замд түгжирч суух нь төвөгтэй санагдав уу, аль эсвэл Төрийн ордноос холдчихоор юм юмнаас хоцорчих гээд хохиролтой байх нь гэж санаа юу. Хувийн эрх ашгийн үүднээс нийслэлийн захиргааг нүүлгэхгүй гэж хэллээ гэхээс өөр гаргалгаа алга. Хотын мээрийн суудал цаг зуурынх. Харин нийслэлийн оршин суугчдын асуудал мөнхийнх. Тийм болохоор иргэдийг, хотыг, ирээдүйг гэсэн сэтгэл, алсын хараагаар дахин нэг бодож үзэхийг хүсье.