Үндэсний аудитын газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто зам төслийн хэрэгжилт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийж, тайланг холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Аудитын тайланд төрийн байгууллагууд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд төсөл арга хэмжээний урьдчилсан тооцоо, судалгааг хийгээгүй, салбарын яам авто замын зураг төслийн зохиогчийг сонгон шалгаруулаагүй, гэрээ байгуулахгүйгээр гүйцэтгүүлсэн нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн тусгасан байна. Мөн гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг холбогдох хууль эрх зүй, мөрдөгдөж буй журмын хүрээнд үр дүнтэй зохион байгуулж ажиллаагүй байна. Дэлхий нийтээр үүссэн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний хугацааг дахин сунгасан боловч нийт ажлын 50 гаруй хувийг гүйцэтгээгүйгээс төслийг ашиглалтад оруулаагүй байгааг тайланд тусгасан байна. Азийн хөгжлийн банкны 83 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замыг засварласан бол Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажлыг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны 120 сая ам.долларын санхүүжилтээр барих юм. Гэвч өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд зам барих ажил удаашралтай байсаар өдийг хүрч, улмаар аудитын байгууллагаас дээрх дүгнэлтийг гаргалаа. Гэхдээ Зам, тээврийн хөгжлийн яамнаас уг зам барилгын ажлыг энэ сарын 15-аас эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж, гүйцэтгэгч таван компанийнхан хэдийн ажилдаа гарсан гэнэ.