Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалт удааширсан, коронавирусийн тархалтын улмаас хот хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж буйтай холбоотойгоор энэ хаврын тариалалтыг эхлүүлэхэд бэрхшээл тулгарч, ажил цалгардах магадлалтай хэмээн газар тариалан эрхлэгч зарим иргэн, аж ахуйн нэгжийнхэн ярьж байна. Энэ талаар болон хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хэр хангаж буй тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодрууллаа. Тэрбээр “Аль ч чиглэлийн авто зам тавих ажил хаврын тариалалтыг эхлүүлэх, үргэлжлүүлэхэд саад болохгүй. Дөрөвдүгээр сард багтаан тариаланч иргэд, хамт олныг вакцинд хамруулахаар тухайн орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нэрсийг нь авч, бүртгэж эхэлсэн. Вакцинд хамрагдсан иргэд хот хооронд чөлөөтэй зорчино гэсэн үг. Тариалалтыг тавдугаар сарын хоёрдугаар долоо хоногоос эхлүүлдэг. Энэ удаа ч хугацаанд нь эхлүүлэхэд хүндрэл гарахгүй, бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна” гэлээ. Тариалалтад 55.2 мянган тонн улаан буудайн үр шаардлагатайгаас 12 000-ыг нь ОХУ-аас импортлох бөгөөд үр тээвэрлэлтэд саад учраагүй аж. Үүнийг тариалалт эхлэхээс өмнө бүрэн авч дуусгахаар төлөвлөж буй гэнэ. Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүст Хөдөө аж ахуйг дэмжих сангаас энэ онд 100 тэрбум төгрөгийн зээл олгох ба зээлийн хүсэлтээ банкуудад хүргүүлэх юм байна. Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн хөтөлбөрөөс ч гурван хувийн хүүтэй зээлийг НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүд авах боломжтойг В.Үнэнбат дурдав.