"Херо" Б.Баатарыг тагнаж, чагнасан, түүний студид гүйцэтгэх ажиллагаа явуулсан үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг тагнуулын байгууллагаас шалгаж буй талаар "Unuudur.mn" мэдээллийн сайт өмнө нь мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, 2014 оны арванхоёрдугаар сарын 23-25-нд "Херо интертаймэнт" студид гүйцэтгэх ажиллагаа явуулсан үндэслэлээр шалгаж буй. Тэгвэл Б.Хурц олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагаараа дамжуулан "Херо" Б.Баатараас уучлалт гуйсан байна. Тодруулбал, генерал Б.Хурц "Найруулагч Б.Баатар гэхээс илүүтэй "Херо интертаймэнт" студи дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн. Гэхдээ бидний хайсан зүйл "Херо" студид байгаагүй. Б.Баатар хувь хүнийхээ хувьд гомдож явдаг байх. Хэзээ нэгэн цагт нүүр тулж уулзвал уучлал гуйж чадна" хэмээжээ. Ямартай генерал Б.Хурц шалгуулж байгаагаа үгүйсгэсэнгүй, гүйцэтгэх ажиллагаа явуулснаа ч хүлээн зөвшөөрлөө.