Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээр өнөөдөр эхэллээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар хэлэлцээрийн ширээний ард суусан гэсэн үг. Тэд цар тахлын хүнд нөхцөл байдлын үед хийж буй энэхүү хэлэлцээр ажил хэрэгч, иргэд хөдөлмөрчдөд ээлтэй байлгахыг хичээж буйгаа хэлэлцээрийн эхэнд цохон тэмдэглэсэн. Хэлэлцээрээр Нийгмийн түншлэгч талуудтай хамтран хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулах, цар тахлын үед ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжийн санхүүгийн дарамтыг багасгах, зорилтот бүлэгт чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, албан бус эдийн засгийн салбарт ажиллагчдын албан эдийн засгийн салбарт шилжихийг дэмжих зэрэг ажлуудыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2022 оны улсын хэлэлцээрт тусган, хэрэгжилтийг хэрхэн хангах талаар санал солилцох юм. Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, ХХААХҮЯ, НДЕГ, ЭМЯ, МХЕГ, БШУЯ, Ажил олгогчдыг төлөөлж Монголын хүнсчдийн холбоо, МҮХАҮТ, Эрчим хүчний ассоциаци, Монголын ноос ноолуурын холбооноос төлөөлөгчид оролцож байна. Мөн МҮЭ-ийн холбооны бүрэлдэхүүнд БШУҮЭХ, ЭМАҮЭХ, ТХГТАҮЭХ, ААХҮЭХ, ЭХГУУҮЭХ, Барилгачдын ҮЭХ, НУБХҮЭХ-ны удирдлага хэлэлцээрт оролцож байна. 2000 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг хоёр жилд нэг удаа буюу нийт найман удаа байгуулж, хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж ирсэн. Харамсалтай нь, хэлэлцээрийн ширээний ард суусан талууд өнгөн дээрээ мэтгэлцэвч, бодит амьдралд дорвитой санал санаачилга гаргадаггүй, улмаар зорилтот бүлэгт чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжийн санхүүгийн дарамтыг багасгахад чиглэсэн дорвитой тсөл хөтөлбөр хэрэгжүүлэлгүй олон жил болсон хэмээн иргэд шүүмжилж, энэ удаагийн хэлэлцээрийг үр дүнтэй байгуулаасай хэмээн хүсэж байна.