Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам дагуу “Мишээл” эмнэлгийн зүүн замд өчигдөр суудлын автомашины жолооч хурд хэтрүүлэн бага насны хүүхдийг мөргөж, амь насыг хохироосон маш ноцтой хэрэг гарав. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тээврийн цагдаагийн албанаас уг хэрэгтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, 0-10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд ганцааранг нь оролцуулахгүй, заавал хөтөлж, тэвэрч явахыг онцгойлон анхааруулав. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 237 дуудлага, мэдээлэл иржээ. Зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж, улмаар нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 129 зөрчил илрүүлсэн байна.