Ойн ач холбогдлыг иргэдэд ойлгуулах, сурталчлах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилготой Олон улсын ойн өдөр өчигдөр тохиолоо. НҮБ 2020-2030 оныг экосистемийг нөхөн сэргээхэд онцгой анхаарах жил гэж тунхагласантай холбоотойгоор дэлхийн орнууд эл өдрийг “Ойг нөхөн сэргээх нь эрүүл, тогтвортой аж амьдралын үндэс” уриан доор ес дэх жилдээ тэмдэглэв. Тэмдэглэлт өдрийн хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, БОАЖЯ, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, “Ногоон хэрэм” төслийнхөн хамтран “Монгол орны ойн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт үндэсний V чуулганыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
Монгол орны нийт газар нутгийн 7.9 хувийг ойн сан эзэлдэг бөгөөд ирэх дөрвөн жилд 8.6 хувьд хүргэх зорилтыг Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийгээ биелүүлэхийн тулд нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, жилд 8000-10 000 га талбайг “эмчлэх”-ээр төлөвлөснийг БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Р.Ганбат хэллээ. Манай улсын ойн сангийн нийт хэмжээ 18.6 сая га бол эрүүл ой бүхий талбай 12.5 сая га-г эзэлдэг. Эрчимтэй доройтсон ойн хэмжээ 1.4 сая, бүрмөсөн устсан нь 52.6 мянган га аж. Ойн санг бүрдүүлэгч 140 гаруй зүйлийн мод, сөөгтэйгөөс шинэс, хуш, хус, нарс, гацуур зонхилох буюу 97 хувийг эзэлдэг байна. Ташрамд дурдахад, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийнхөн ойн нөхөрлөл болон малчдын найман бүлэгт 150 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.
Бэлтгэсэн: Ж.Мишээл