Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөл болон Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Төрийн албаны зөвлөлийнхөнтэй хийсэн уулзалтын үеэр тус салбарын шинэчлэл болон хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Төрийн албаны ангиллыг шинэчлэх, улсын хэмжээнд бүтэц, чиг үүргийн шинжилгээ хийх, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцлон анхаарах талаар Засгийн газрын тэргүүн энэ үеэр хөнджээ. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газруудыг ямар ангилалд хамруулах, албан хаагчдын чадвар, ёс зүй, хандлага, хариуцлагыг сайжруулах, ажлынх нь үнэлгээг бодитой болгон, гүйцэтгэлд үндэслэсэн цалин, хөлсний тогтолцоонд шилжих талаар онцлон ярилцсан байна. Түүнчлэн гадаадад ажиллаж байгаа болон улсын зардлаар хилийн чанадад суралцсан залуусыг төрийн албанд оруулахыг дэмжих зохицуулалт бүрдүүлэх, цахим технологи нэвтрүүлж, нэгдсэн мэдээллийн сан, системтэй болгох нь зүйтэй хэмээжээ.
Үүний дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг, чиглэл өгсөн бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнууд хоорондоо гэрээ, санамж бичиг байгуулдаг, харилцан бэлэг солилцдог явдлыг таслан зогсоож, ажлын нарийвчилсан стандарт, дүрмийн төсөл боловсруулахыг даалгасан юм.
Төрийн албаны зөвлөл хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр албан хаагчийн ёс зүй, гүйцэтгэлийн мэдээллийг цахимжуулах ажлыг зарим орон нутагт санаачилгаараа эхлүүлснээ дурдсан. Сүүлийн жилүүдэд тус байгууллагад ирүүлж буй өргөдөл, гомдлын тоо нэмэгдэж, Төрийн албаны тухай хууль болон холбогдох журам, дүрэм зарим талаар биелэхгүй байгааг хэлжээ.
“E-MONGOLIA” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХУВИЙН НУУЦТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ”
Харин ХЭҮК-ын гишүүдтэй хүний эрх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа. Хүний эрхийг хамгаалах, ялангуяа хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах явцад эрүүдэн шүүдэг, хүчээр хэрэг хүлээлгэдэг байж таарахгүйг Ерөнхий сайд онцлов. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэж 30 жил бэлгэ тэмдэг, тунхаг байдлаар ярьж ирснийг одоо үндсэн агуулгаар нь ойлгож ажиллах цаг болсныг тэрбээр хэлсэн. Энэ чиглэлээр Засгийн газартай хэрхэн хамтран ажиллах байр суурийг нь ч сонссон юм.
ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид “Бид жилдээ 700 орчим гомдол, өргөдөл хүлээн авдаг. Дийлэнх нь ажлаас хууль бусаар халсан, “Ажлаа өг” гэсэн дарамт, шахалтад орсон, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөнтөй холбоотой. Ойрын хугацаанд “Ковид ба цар тахлын үед хүний эрх” гэсэн илтгэлээ гаргана. Аливаа иргэн эрүү шүүлтээс ангид байх чиглэлээр тууштай ажиллана. Засгийн газар шийдвэр гаргахдаа хүний эрх талаас нь тооцоолдог байх шаардлагатай. Төрийн албан хаагчдаас хүний эрхийн мэдрэмжтэй байхыг шаардах зэргээр хандлагыг нь өөрчлөх цаг болсон. Олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилт, салбар хоорондын уялдаа холбоог хангадаг бүтэц ажиллуулах хэрэгтэй” хэмээн саналаа хэлсэн бол гишүүн Г.Нарантуяа “Хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хүний эрхийн нөлөөллийн үнэлгээг тусгаж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Жишээ нь, “E-Mongolia” төслийн хүрээнд хувийн нууцтай холбоотой асуудалд анхаарах хэрэгтэй байгааг дурдаж болно. ХЭҮК шүүхийн шатанд яваа хэрэгт хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжгүй нь хүндрэл учруулдаг. Гэхдээ эрүүдэн шүүхийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хэргийг сар, жилээр сунжруулдаг байдлыг арилгах ёстой. Цар тахлын үед авч байгаа арга хэмжээ, гаргаж буй шийдвэр хүний эрх зөрчихөөс сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисстой идэвхтэй хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэлээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХЭҮК ЧИМЭЭГҮЙ БАЙХ НЬ ЭС ҮЙЛДЛЭЭРЭЭ ЭРҮҮДЭН ШҮҮХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БУЙ ХЭРЭГ
Гишүүн Х.Мөнхзул “Жендерийн эрх тэгш байдал орон нутаг, улс төр, хөдөлмөрийн зах зээлд хангалтгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгаа нь хувь хүний хандлагатай холбоотой” гээд энэ чиглэлээр Засгийн газар хамтарч ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн бол гишүүн Б.Энхболд “ХЭҮК 19 удаа илтгэл гаргасны 13-т нь Монголд эрүүдэн шүүлт байна гэж дүгнэн, УИХ-д танилцуулсан. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм бий болгох агуулга бүхий УИХ-ын тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай. Т.Чимгээг эрүүдэн шүүснийг шүүх эцэслэн тогтоовол олон улсын байгууллагад хандах боломжтой. Хэргийг нь богино хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Бид энэ сарын эхээр 401 дүгээр хаалттай хорих ангид ажилласан. ХЭҮК эрүүдэн шүүхийг хэзээ ч зөвтгөхгүй” гэв.
Комиссын гишүүдийн саналыг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК болон НОК-той хамтарч ажиллахыг дэмжихээ онцлоод, “Шүүхэд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй. Гэхдээ иргэд шударга шүүхээр хэргээ шийдүүлэх эрхтэй. Эрүүдэн шүүсэн нь ойлгомжтой байхад ХЭҮК чимээгүй байх нь эс үйлдлээрээ үүнийг хүлээн зөвшөөрч буй хэрэг. Хэн ч дуугарахгүй бол хууль бус байдлыг засаж чадахгүй” хэмээв.
Бэлтгэсэн: Б.Уран