Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа энэ өдөр олон улсын сансрын “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын сансрын нисэгч В.Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр огторгуйн уудамд дүүлэн гарсан билээ. Ийнхүү Монгол Улс өөрийн иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь орон, Ж.Гүррагчаа сансрын 101 дэх нисэгч болсон түүхтэй. Тэрбээр дэлхийн тойрог замд байсан “Салют-6” станцтай хөлгөө холбож, сансрын уудамд долоо хоног ажиллахдаа эх дэлхийгээ 124 удаа тойрон нисэж, олон туршилт, судалгаа хийсэн юм.
Эх дэлхийдээ амжилттай буцан ирсэн В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар ОХУ, Монгол Улсын баатар цолоор шагнуулсан төдийгүй хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхэд, залууст сансар огторгуйг танин мэдэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Сансрын баатар маань эх орондоо ирж, хамтран нисэгчтэйгээ 1981 оны гуравдугаар сарын сүүлчээр Ховд аймагт айлчилсан юм. Хэвлэлд анх удаа нийтэлж буй эл зургийг гэрэл зураг сонирхогч Х.Рагчаа дурандаа ийн буулгажээ. Сансрын баатруудтай Батлан хамгаалахын сайд Ш.Жадамба, Ховдын хорооны захирагч П.Сайнбилэг нар хүндэтгэлийн жагсаалын өмнүүр явж байна.