Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор, гүйцэтгэх захирал Б.Энхжаргал нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооныхон Улаанбаатар хотын зам талбай, барилга байгууламжийг тэргэнцэртэй хүмүүст хүртээмжгүй хэвээр байгааг онцолжээ. Улмаар өөрсдөдөө тулгамдсан асуудлыг танилцуулж, нийтийн тээвэр, өрхийн эмнэлэг, явган хүний замыг тэргэнцэртэй иргэдэд хүртээмжтэй болгоход хамтран ажиллах талаар санал солилцов. Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид 2009 онд нэгдэн орж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд баталж, ХНХЯ-нд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал хариуцсан хэлтэс, бие даасан агентлаг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зарцуулагдах төсвийг нэмэгдүүлэх зэргээр хууль тогтоомж, бодлогын төвшинд ахиц дэвшил гарсан. Гэвч бодлогын эдгээр өөрчлөлт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралд бодитой ахиц авчирч, төдийлөн чадахгүй байгаа юм. Тухайлбал, өдгөө Улаанбаатар хотын хэмжээнд 100 гаруй чиглэлд үйлчилдэг 940 автобус байгаагийн 24 нь тэргэнцэртэй иргэдийг тээвэрлэх тоноглолтой, нэг өдөрт тэдгээрийн найм нь л үйлчилгээнд явдаг. Автобусны жолооч нар өдрийн норм, цагт шахагдаж ажилладаг учраас тэргэнцэр өргөх тавцанг ихэнх тохиолдолд ажиллуулдаггүй. Хүн бүрт нийцтэй орчинг бий болгоход төсөв, хөрөнгө оруулалт шаардлагатай ч энэ мэт бодлого, зохион байгуулалтын хүрээнд нэн даруй шийдвэрлэх боломжтой цөөнгүй асуудал байгааг, хот суурингийн зам, талбайг тэргэнцэртэй хүмүүс төдийгүй ахмад настнууд, нялхас, дугуйтай зорчигчид зэрэг бүх төрлийн дугуйт хэрэглэгчид нийцтэй болгоход хуулийг хэрэгжүүлж, тогтолцоог бүрдүүлж, ажиллуулж буй албан тушаалтан, хүмүүсийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх нь нэн чухал гэдэгт талууд санал нэгджээ.