“Монгол газар корпорейшн” ХХК-ны захирал ажилтай, шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарыг “залилах“ гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Улмаар Ц.Мянганбаярт зургаан жил, Х.Даржаад таван жил зургаан сарын хорих ял ногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.