"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд ирэх лхагва гарагт шүүн хэлэлцэнэ. Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг магадлаж, хэлэлцсэн. Харин Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны наймдугаар дугаар сарын 6-нд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хэлэлцээд 525 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Сэргэлэнг гэм буруугүй хэмээн цагаатгаж, Д.Эрдэнэбатад долоон жилийн ял оноосон. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцсэн. Ингээд 1489 дугаартай магадлалаар, анхан шатны шүүхийн 525 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан нийслэлийн Прокурорын газарт буцааж, 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн барьцаатайгаар батлан даалтад гаргасан. Хэргийг эргэн сануулбал, “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нар бусдаас 20 тэрбум төгрөг залилж авсан, мөнгө угаасан гэх хэрэгт шалгуулсан. “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайхан нь Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан “Ариг” банк, “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) үйлдвэрт тодорхой хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болжээ. Тодруулбал, 2016 оны арваннэгдүгээр сард тэд хамтран ажиллах гэрээ байгуулж, Ш.Баярсайхан банкны ашиг, үйлдвэрийн орлогоос хувь хүртэхээр тохирсон байна. Бүр тодруулбал, Ш.Баярсайхан “Ариг” банк, БҮК-1 үйлдвэрт хөрөнгө оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр буцаан авах гэрээ байгуулсан аж. Гэхдээ Б.Эрдэнэбат гэрээний үүргээ биелүүлэлгүй ашиг, орлогоо хувьдаа зарцуулсан гэнэ. Харин Ш.Баярсайхан өөрийгөө залилуулсан хэмээн үзэж, Б.Эрдэнэбатыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан юм.
Шүүгдэгч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, Ж.Энхчулуун, шүүгдэгч Д.Сэргэлэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, хохирогч Ш.Баярсайхан, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Д.Баасандорж нар Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Ийнхүү прокурорт буцаасан “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох 29 хавтаст хэргийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэхээр болжээ. Б.Эрдэнэбат өөрийгөө хэрэг хийгээгүй хэмээн үзэж буй аж.