Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын эхэнд замын түгжрэл орж байгаа гэхэд хилсдэхгүй. Цар тахлын улмаас өдгөө нийслэлд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал эрс багасаж, нийслэлчүүд түгжрэлийг бараг мартаад байна. Гэсэн ч цар тахал удахгүй намжиж, амьдрал хэвийн үргэлжлэх үед асуудал дахиад л сөхөгдөх нь маргаангүй. Тэгвэл энэ чиглэлээр нийслэлийн ЗДТГ-аас анхаарч байгаа юу. Түгжрэлийг бууруулах арга ер нь байна уу. Нийслэлийн Засаг дарга энэ асуултад хариулж, ойрын болон дунд, урт хугацааны төлөвлөгөөгөө энэ долоо хоногт танилцуулсан юм. Үүнээс онцлох мэдээллийг хүргэе.
Улаанбаатар хотод өдгөө 450 000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа аж. Өөрөөр хэлбэл, автомашин эзэмшиж байгаа хүний тоо сүүлийн 10 жилд 2-3 дахин нэмэгджээ. Гэтэл авто зам нь төдийлөн тэлээгүй учраас түгжрэл үүсэж, тээврийн хэрэгслийн дундаж хурд өдгөө 13 км/цаг болжээ. Тодруулбал, 10 жилийн өмнө 954 км байсан хотын зам өдгөө 1136 км-т хүрчээ. Дөнгөж 182 км-ээр нэмэгдсэн гэсэн үг. Дорвитой алхам хийхгүй, байдал энэ хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд автомашины тоо нэмэгдэж, 927 мянгад хүрэх тооцоог албаныхан гаргажээ. Тэр хэрээр замын түгжрэл ч ихсэж, тээврийн хэрэгслийн дундаж хурд зургаан км/цаг-т хүрэх нь. Тэгвэл уг үзүүлэлтийг эхний ээлжид 25 км/цагт хүргэх зорилтыг нийслэлээс тавьсан гэнэ. Үүний тулд 1-3, 3-5, 5-8, наймаас дээш жилийн насжилттай гэх мэтээр автомашинуудыг ангилж, татварын зохицуулалт бий болгох шаардлагатайг хотын дарга онцоллоо.
Тэрбээр “Шинжлэх ухааны үндэстэй тооцоо судалгаанууд хийж, тэдгээрт тулгуурлан түгжрэлийг шийднэ. Хот гэдэг бол их айл. Тулгамдсан олон асуудал байна. Улаанбаатар хотын иргэдийг эрх чөлөөтэй, аюулгүй, эрүүл орчинд амьдруулах үүргийг бид хүлээж буй. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын түгжрэл дээд түвшиндээ буюу 85 хувьд хүрсэн. Түгжрэл иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Түгжрэлийн шалтгаан бол автомашины тоо, зогсоолын хүрэлцээ, жолоочийн ур чадвар, хот төлөвлөлт. Улаанбаатарыг олон улсын түвшинд хүрсэн, стандартад нийцсэн, аюулгүй хот болгох ёстой. Энэ зарчмыг баримтлан өргөн хүрээнд далайцтай бодлого баримталж ажиллана” гэж хэллээ.
Замын түгжрэл үүсгэж байгаа гол шалтгаануудын нэг нь хотын автомашины тоо эрс нэмэгдсэн явдал гэдгийг нийслэлийн Засаг дарга тэмдэглэв. Автомашины тоо ийнхүү нэмэгдсэн шалтгаан нь нийтийн тээвэртэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, хотын нийтийн тээврийн үйлчилгээ сайн, шуурхай бол иргэд автомашин авах гэж хичээхгүй, автобусаар зорчих бүрэн боломжтой. Гэтэл хотын автобуснууд бохир, жолооч нь соёлгүй гэх зэрэг шүүмжлэл тасардаггүй. Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал асуулгад оролцсон иргэдийн 84 хувь нь муу дүн тавьсан нь бодит нөхцөл байдлыг илэрхийлэх гол үзүүлэлт болох биз ээ. Тиймээс нийтийн тээвэрт шинэчлэл хийхээр өдгөө холбогдох албаныхан судалж буй гэнэ.
Тухайлбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд нэг болон хоёр давхар автобус оруулж ирэх, дизель хөдөлгүүртэйг нь шинэчлэх зорилт тавьсан байна. Эхний ээлжид 500-600 автобус авахаар холбогдох албаныхан судалж байгаа аж. 20 жилийн хугацаатай, 1.75, 2.25 хувийн хүүтэй зээлээр автобус авахаар санхүүгийн байгууллагуудтай яриа хэлцэл хийж буй гэнэ. Мөн 250-500 ам.долларын санхүүгийн эх үүсвэр бий болгохоор гадаадын “ногоон” төслүүдэд хамрагдахаар төлөвлөжээ.
Түгжрэлийг бууруулахын тулд хотод байгаа томоохон захуудыг нүүлгэе, газрыг нь чөлөөлье гэх хүн цөөнгүй бий. Хотын өмнөх удирдлагууд ч эл саналыг дэмжиж, захуудыг нүүлгэх чиглэлээр тодорхой алхмууд хийсэн байдаг. Гэсэн ч иргэд, худалдаачдын эсэргүүцэлтэй тулгарснаар ажил төдийлөн урагшлахгүй байсаар өдий хүрсэн юм. Тэгвэл Засаг дарга Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулахын тулд захуудыг нүүлгэх шаардлагагүй, гол шийдэл нь энэ биш гэлээ. Захуудыг нүүлгэснээр олон хүн ажилгүй болно, бас цөөнгүй аж ахуйн нэгж орлогоо алдах тул ойрын хугацаанд нүүлгэх талаар ярихгүй, харин өөр шийдлүүдийг эрэлхийлэхээр төлөвлөжээ. Тэрбээр “Захуудыг хотоос гаргана гэхээр тэнд олон мянган хүний ажлын байр бий. Орлогоо тасалдуулахгүй, ар гэрээ авч яваа иргэдээ тийшээ нүү, эсвэл ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажлаа зогсоо хэмээж болохгүй. Би ийм алхам хийхгүй. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой ажилд заавал хугацаа орно. Тиймээс маш сайн судалж, цаг хугацаагаа зөв тооцож шийдвэр гаргана. Иргэдийнхээ сэтгэл зүрх, ажил, амьдралыг нь дэмжсэн шийдвэрийг л хотын дарга гаргана. Хотын даргын үндсэн ажил бол энэ 1.5 сая иргэнийхээ талд байх. Сайд салбарынхаа бодлогыг барьдаг. Харин хотын дарга иргэдийнхээ талд нийцтэй байдлаар бодлогоо барих ёстой. Зах, худалдааны төвийг гаргана гэж ярих маш амархан. Ингэж ярихад их гоё сонсогдоно. Гэсэн ч хэрэгжүүлэхэд зардал, өртөг их шаардагдана. Бас ажлын байр, нөхөн олговрын асуудал яригдана. Шийдье гэдэг сэтгэл байгаа боловч суурь нөхцөл нь үнэндээ бага байна” хэмээсэн.
Түгжрэлийг бууруулахад, нийтийн тээврийг хөгжүүлэхэд, улмаар парк шинэчлэл хийх зэрэгт багагүй хөрөнгө хэрэгтэй. Харамсалтай нь, Улаанбаатар хотод ийм хэмжээний төсөв хөрөнгө байхгүй гэнэ. Тиймээс нийслэлийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхээ хотын дарга илэрхийллээ. “Аливаа асуудлыг шийдэхэд төсөв, санхүүгийн асуудал толгойны өвчин болж байна. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж буй. Ялангуяа бид цар тахлын амаргүй үетэй тулгарлаа. Гэсэн ч манай удирдлагын баг хотын төсөв, санхүүг нэмэгдүүлэхийн тулд тал бүрээр анхаарч буй. Мэргэжлийн түвшинд шигшигдсэн, олон улсын түвшинд ажилласан туршлагатай, мэргэжилдээ эзэн болсон хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Би Улаанбаатарыг зүүн Европын хотууд шиг байгаасай гэж боддог. Орчин үеийн өнгө шийдэлтэй, ногоон байгууламжтай, иргэдийн амьдрах орчин бүрдсэн, дизайн, архитектурын хувьд дэлхийн хотуудын дайтай байх ёстой. Тийм байлгахын төлөө хүмүүстээ үүрэг, даалгавар, чиглэл өгөөд ажиллаж байгаа” гэлээ.
Бэлтгэсэн: М.Оч