Үндсэний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал энэ сарын 5-нд болсон ч асуудлыг эцэслэн шийдэлгүй, 12-нд батлан даалтад гаргахыг хэлэлцэн, шүүх хурлыг ирэх сарын 3-нд хийхээр шийдвэр гаргасан билээ. Өнгөрөгч лхагва гаригт болсон хурлаар ямар шийдвэр гарсан тухай Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодрууллаа.
-Б.Хурцыг батлан даалтад гаргасан уу?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-нд болсон шүүх хурлын шийдвэрийг хэвээр баталлаа. Тэр хурлаар Б.Хурцыг батлан даалтад гаргах боломжгүй гэж үзсэн.
-Ямар учир шалтгааны улмаас батлан даалтад гаргасангүй вэ?
-Бидэнд ямар шалтгаантайгаа мэдэгдээгүй.
-Б.Хурцын үйлдсэн хэрэг хүнд, эдлэх ял нь удаан хугацаатай учир ийнхүү батлан даалтад гаргахгүй байгаа юм гэсэн мэдээлэл байна. Түүнээс гадна батлан даалтад гаргахгүй гэдгийг дуулаад сэтгэлээр унаж, эрүүл мэндэд нь өөрчлөлт гарсан гэх юм. Энэ тухай мэдээлэл ирсэн үү?
-Энэ тухай ямар нэгэн мэдээлэл, албан ёсны тайлбар ирээгүй. Эрүүл мэнд нь хэвийн байгаа. Бид ирэх сарын 3-нд хийх шүүх хурлын шийдвэрийг хүлээх үлдлээ.
Х.СҮРЭН