УИХ-ын чуулганы хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзан, нийслэлийн Засаг даргаар томилогдсон тул тухайн тойрогт нөхөн сонгууль явуулах болсон билээ. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ирэх зургадугаар сарын 9-нд товлоод байсан юм. Тэгвэл СЕХ-ноос хоёр сонгуулийг тусад нь явуулах саналыг УИХ-ын даргад ирүүлсэн байна. Тухайн өдөр Сонгинохайрхан дүүрэгт техникийн боломж, нөөц хүрэлцэхгүй, хоёр өөр хуулийн дагуу явуулах учир зохион байгуулалтын хувьд хүндрэл үүснэ гэж үзжээ. Тиймээс дээрх сонгуулийг товлосон тогтоолд өөрчлөлт оруулж, нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 15-нд зохион байгуулахаар болов. УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар энэ үеэр шүүмжилсэн байр суурь илэрхийлсэн юм. Тодруулбал, дээрх сонгуулийг хамтад нь явуулбал зардал хэмнэнэ гээд, анх тогтоолоо баталсан атлаа хугацааг нь дур мэдэн өөрчилж байгааг тэд хэллээ.
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад хүргүүлээд буй. Үүнийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татахгүй гэдэгт санал нэгджээ.
УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэн, гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.
Д.Ганбат: -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооныхон хариуцлагагүй шийдвэр гаргажээ. Яагаад Элчин сайд Ё.Отгонбаярт хариуцлага тооцохгүй байна вэ. Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-д татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх чиглэлээр гурван жилийн турш дорвитой ажил хийгээгүй нь үнэн. Иргэдийнхээ орлогыг дэмжихэд анхаарахгүй атлаа дарга, сайд нарын хүүхдүүдэд тодорхойлох захидал, цахим сүлжээнд янз бүрийн зүйл бичээд сууж байна. Гадаад харилцааны яамныхан дипломат ёсны талаар мэддэггүй юм уу. Хандивлагч орондоо талархал илэрхийлэхгүй, мэдээлэхгүй байх нь манай улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө.
Б.Батцэцэг (Гадаад харилцааны сайд): -Цахим сүлжээнд бичсэн зүйлийнхээ талаар Ё.Отгонбаяр Элчин сайд өөрөө тайлбар хийх байх. Манай улсыг хандивлагч орнууддаа талархаж, нэрийг нь дурдаагүй гэдэг хувийн бодлыг Европын Холбооноос илэрхийлсэн гэж ойлгосон. Олон хандивлагч улс байсан тул Гадаад харилцааны яамнаас талархлаа гэдгээ ерөнхийд нь илэрхийлсэн. Мөн Европын холбооны улсуудын төлөөллийг хүлээн авч, талархлаа илэрхийлсэн.
Н.Алтанхуяг: -Нью-Йоркийн шүүхэд үүсгэсэн маргааны талаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр “Бид мэдээгүй. Шуугиан дэгдэхээр нь шалгаж үзсэн чинь хэргээ татчихсан байсан. Илт худал мэдээлэл өгсөн байна лээ” гэж цахим сүлжээнд байр сууриа илэрхийлсэн. Шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад улсаа төлөөлж байгаа Элчин сайд хүн ингэж ярьж болох уу. Энэ бол ганц намын бус, Монгол Улсын эрх ашгийн асуудал. Албаныхаа цахим шууданг ашиглаад дарга, УИХ-ын гишүүний хүүхдийг сургуульд тэнцүүлээд өгөөч гэж гуйж байгаа нь ёс зүйтэй үйлдэл үү?
Л.Энх-Амгалан: -Ё.Отгонбаяр Элчин сайд шиг сайн ажиллаж байгаа хүн ховор. Боловсрол, туршлага, ажлын гүйцэтгэлийнх нь хувьд ийм хүнийг гуравдагч хөрш оронд Элчин сайдаар томилсон нь олзуурхууштай. Гадаадын Элчин сайд нар өдөр ирэх тусам л улам нээлттэй болж байна. Манай улсад суугаа АНУ-ын Элчин сайд БШУ-ы сайдтай уулзлаа гээд л олон нийтийн сүлжээнд мэдээлчихсэн байдаг. Монгол хүүхдүүдийг АНУ-ын их сургуульд тус улсын оюутнуудтай ижил төлбөрөөр сургахаар болсон.
Үүнийг Элчин сайд Ё.Отгонбаярын санаачилгаар хийсэн.
Ш.Адьшаа: -Төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлье гэдгийг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар ч (чуулганы нээлтийн үеэр) ярьдаг. Элчин сайд Ё.Отгонбаяр нь Монгол Улсын төрийн өмнөөс АНУ-ын засаг захиргаатай харилцах ёстой. Гэтэл ийм хариуцлагатай албан тушаалтан хүн тухайн улсын шүүхээр хэлэлцэж байгаа асуудалд олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлэх нь ноцтой зүйл. Олон улсын шүүхээр хэлэлцэж байгаа оффшор авлига мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой асуудалд тайлбар хийх учиргүй. Үүнээс л эхэлж хариуцлага тооцох ёстой.
Б.Энхбаяр: -Хувь хүний болон албаны нууцыг хуулиар хамгаалдаг. Ё.Отгонбаяр Элчин сайдын албаны цахим шуудангаа ашиглан бичсэн захидлын агуулгыг яримааргүй байна. Хамгийн гол асуудал нь албаны цахим шуудангийн мэдээллийг ямар шугамаар ил болгосон гэдэгт байгаа. Үүнийг гадаадын тусгай албадын шугамаар ил болгосон юм уу. Эсвэл Элчин сайдын итгэмжлэгдсэн, холбогдох албан тушаалтан нь задруулав уу. Энэ бол Эрүүгийн хуульд зааснаар тав хүртэлх жилийн хорих ял оноодог гэмт хэрэг.
Д.Цогтбаатар: -Гадаад харилцааны яам нь төрийн тусгай албанд хамаардаг. Тиймээс мэдээлэх ёсгүй зүйлийг ярихад л 17 жилийн хорих ял оноох тухай хөндөгддөг. Өнөөдөр Элчин сайдын албаны цахим шуудангийн мэдээллийг ил болгож байна. Харин цаашид Монгол Улсын байр суурийн талаарх ямар ч мэдээллийг дэлгэж болзошгүй. Цахим шуудангийн мэдээллийг гадаадын байгууллага дэлгэсэн бол маш ноцтой зүйл. Харин дотоодын байгууллага, албан тушаалтан задруулсан бол дипломат ажилтны ёс зүйтэй холбоотой гээд ГХЯ энэ талаарх асуудлыг авч хэлэлцдэг. Дипломат ажилтны мэдээлэл дамжуулах үйл ажиллагаа хатуу зохицуулалттай. Нөгөөтээгүүр, маш олон хүүхдийн тодорхойлох захидлыг Элчин сайдын яамнаас бичдэг. Ё.Отгонбаяр Элчин сайдын тухайд Монгол, Америкийн харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд онцгой үүрэгтэй хүн гэв.
Дараа нь санал хураалт явуулахад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татахыг гишүүдийн олонх дэмжээгүй юм. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг томилов.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан дархлаажуулалтын үйл явцын талаар танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Коронавирусийн вакцин гарган авах эмнэл зүйн 265 туршилт, судалгааг хийснээс 13 төрлийн вакциныг нь ДЭМБ бүртгэсэн. Үүнээс есийг нь яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг тус байгууллагаас олгосон юм. Монгол Улсын 2 083 000 иргэнийг (18-аас дээш насны) вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Манай улсын Хүний эмийн зөвлөлөөс зөвшөөрөл олгон, бүртгэсэн “АстраЗенека”, “BBIBP-CorV”, “Спутник-V” вакцинаар голомттой бүсээс эхлэн дархлаажуулж байна. Энэ сарын 17-ны байдлаар 155 746 иргэн буюу хүн амынхаа 7.4 хувийг вакцины эхний тунд хамруулсан дэлхийн 17 дахь улс болжээ. “АстраЗенека” вакциныг хүний биед тромбоэмбол (цусны бүлэгнэл үүсгэх) үүсгэж болзошгүй гэх үндэслэлээр Европын Холбооны зарим улсад түр зогсоосон. Гэвч энэ сарын 16- нд Европын эмийн зохицуулах хороо тус вакциныг ийм нөлөөгүй болохыг мэдэгдлээ” хэмээн танилцуулгадаа онцлов. Вакцинжуулалтыг шуурхайлах, халдварыг улам тархаахгүйн тулд шат шатандаа хариуцлагатай байхыг УИХ-ын гишүүд анхааруулсан юм. Тухайлбал, Т.Аюурсайхан гишүүн “Яагаад хөл хориог сулруулаад халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн юм бэ.
Урлаг, соёлын үзвэр, үйлчилгээ явуулахыг зөвшөөрсөн шалтгаан нь юу вэ” хэмээн асуув. Үүнд “Аймаг, нийслэл, сум, дүүргээр нь буюу хэсэгчилж хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Бүх нийтээр нь хатуу хөл хорио тогтоохгүйгээр иргэдийн ажил, амьдралыг хэвийн үргэлжлүүлэх, нөгөө талаар эрсдэлийг сөрөх буюу иргэд өөрсдөө хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой гэдэгт төвлөрч, үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Бүх нийтээр нь хөл хорио тогтоох амархан. Цаг агаар дулаарч, бүтээн байгуулалтын ажлууд эхлэх үед хөл хорио тогтоох нь тохиромжгүй гэж үзсэн. Хэрэв эрсдэл үүссэн тохиолдолд хэсэгчилсэн хөл хорио тогтоон, иргэдэд аль болох хүндрэл үүсгэхгүй гэж тооцсон юм. Гэхдээ шат шатанд ажлын уялдаа холбоогүйгээс алдаа гаргаж байна” гэж хариуллаа. Мөн тэрбээр “ХӨСҮТ-ийн лабораторийн ажилтнууд хувийн шугамаар танил талынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн зэрэг бусармаг үйлдэл гаргасан тохиолдол олон байна. Үүнтэй хатуу тэмцэнэ. Тиймээс хууль, хяналтын байгууллагаас шалгалт хийж байгаа. Баянзүрх дүүрэгт халдварын том голомт үүссэн. Ажилдаа хариуцлагагүй хандаж, тэр эрсдэлийг бий болгоход гол нөлөө үзүүлсэн тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга албан тушаал ахисан байна. Хариуцлагыг нь хүлээлгэхээр шалгалт явуулж байгаа. Манай улсад коронавирусийн халдвар тархах гол эрсдэлийг үүсгэсэн “Энхсаран” сувиллынхан ч шалгуулж буй”-г дуулгав. Түүнчлэн УОК-ын бүх мэдээллийг ил тод болгохоор ажиллаж байгаа аж.