Байгальд ээлтэй, тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг бий болгохоор зорин ажиллаж буй төр, малчид, малчдын хоршоод, бэлчээр ашиглагчид, ноос ноолуурын үйлдвэрүүд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл хуралдлаа. Хуралд ХХААХҮЯ, Монголын Ноос ноолуурын холбоо, Швейцарийн хөгжлийн агентлагын “Ногоон алт малын эрүүл мэнд” төсөл, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, STeP Eco Lab төсөл, WCS Байгууллагын “Өмнийн говийн ноолуур” төслийн төлөөлөл оролцов.
Ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оролцогч талуудын хэрэгжүүлж буй ажлуудыг төрийн бодлогын түвшинд уялдуулан зохицуулах, “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдгийн дор нэгдэн “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл” болон “Хариуцлагатай Нүүдэлчин” малын гаралтай түүхий эдийн тогтвортой үйлдвэрлэлийн стандартуудтай холбогдуулан олон улсын зах зээл дээр Монгол ноолуурын өрсөлдөх чадвар, чанарын ялгарлыг баталгаажуулах талаар санал солилцлоо.
Мөн Монголын тогтвортой, дээд зэргийн чанартай ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулахад бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс гарал үүсэл, онцлог байдал, чанарын ялгарлыг баталгаажуулах газар зүйн заалт бүхий үндэсний стандартууд, өөрөөр хэлбэл бэлчээрээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн болоод гарах хүртэл бүхий л процессыг цахим системээр мөшгөх боломжийг бүрдүүлж эхлээд байна. Цаашид тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг хэрэгжүүлэх үндэсний байгууллагуудын чадавхийг хөгжүүлэх, Монголын тогтвортой ноос ноолуурын салбарын зохион байгуулалтыг бэхжүүлэх, малчид, хоршоод, үйлдвэрүүд, гадаад зах зээлийн сурталчилгааны хамтын ажиллагааны замын зургаа гаргахаар болсон юм.